Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбох гүүр барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-17 16:15:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Олимпийн гудамж дагуух бүх модыг өнгөрсөн шөнө тайрсан талаар мэдээлэл цахим орчинд тарж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Энэхүү мэдээллийн талаар өнөөдөр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандах болон “Хот тохижилтын газар”-ын дарга  Н.Пүрэвжав нар албан ёсны тайлбар хийлээ.

Тус хэсэгт Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбох буюу Нарны зам болон төмөр зам дээгүүр гүүр барих төслийн хүрээнд талбайг чөлөөлөх ажлыг гүйцэтгэжээ. Энэхүү төслийн хүрээнд барих туслах замын хэсэгт Олимпийн гудамж дахь 157 мод орсон байна. Тиймээс өнгөрсөн сард 107  модыг нүүлгэн шилжүүлж, Бээжингийн гудамж, Хот тохижуулах газрын Мод үржүүлгийн газарт суулгасан байна. Харин урд шөнө тайрсан мод нь насжилт өндөртэй, шилжүүлэн суулгах боломжгүй байжээ.

Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбох гүүр нь доорх зургаан хэсгээс бүрдэж байгаа юм. Үндсэн хэсэг нь Олимпийн гудамжнаас Нарнызам болон төмөр замын 406 дугаар гармыг давж, Их Монгол Улсын гудамжтай холбогдох 470 метр урт гүүр юм. Харин дараагийнх нь Үндсэн гүүрийг нарны замтай холбох 8.5 метр өргөнтэй 2 эгнээ гүүр байх аж. Мөн Нарны замын зүүн болон баруун талаас ирэх авто замыг  үндсэн гүүрэнд холбох, төмөр зам дээгүүрх явган хүний гүүр барих болон Дунд гол дээгүүр Усан паркийн замтай холбогдох төмөр бетон гүүр зэрэг хэсгээс бүрдэх юм. Энэхүү төслийг БНХАУ-ын 42.3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэх бөгөөд 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд
相关新闻