Ташанта боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс болон Алтайн хязгаарын хил, гаалийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Тэднийг аймгийн Засаг даргын орлогч А.Камелият, Ш.Хавыл нар хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, тулгарч буй зарим бэрхшээлүүдийн талаар ярилцлаа.
Аймгийн Засаг даргын орлогч А.Камелият уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: "Манай иргэдийн хувьд тус аймгийн нутаг дэвсгэрт орших Улаанбайшинтын боомтоор Казахстан Улс руу ихээр зорчдог. Тэд Монгол Улсын хилээс гараад ОХУ-ын Ташанта боомт дээр очиход нэг машиныг шалган нэвтрүүлэхэд 2 цаг орчим хугацаа зарцуулж байна. Машин нь гарах хүртэл хүмүүс гадаа хүлээдэг. Мөн тэдний авч явж байгаа ааруул, вакуумдсан каз зэрэг хоол хүнсийг нь гаалийн байцаагчид хураан авдаг. Энэ асуудлыг шийдэхэд анхаарал тавьж ажиллах шаардлагатай байна" гэлээ.
Уг хүсэлтэд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Гаалийн газрын дарга С.И.Беседин: "Евразийн эдийн засгийн холбоо болон Гаалийн холбооны хууль тогтоомжийн дагуу иргэд үйлдвэрийн аргаар боловсруулагдсан, чанарын сертификаттай, стандартын дагуу савлагдсан 5 кг хүртэл жинтэй хүнсний бүтээгдэхүүнийг л худалдааны бус зорилгоор хилээр нэвтрүүлэн авч явах боломжтой. Хил нэвтрэх хугацааны хувьд бол манай боомт өдөрт 100 зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай юм. Гэвч өнөөдөр зорчигчдын тоо үүнээс давчихаад байна. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна" хэмээн хариуллаа.
Талууд хилийн боомтуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлуудыг холбогдох эрх бүхий байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Ө.Нурболат