Монголбанк инфляцийг 8 хувьд тогтворжуулна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-16 17:04:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсантай холбогдуулж Монголбанкны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Тус банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа энэ үеэр хэлэхдээ, “Ойрын хугацаанд эдийн засгийн сэргэлттэй уялдан эрэлт нийлүүлэлт сайжирч, зарим төрлийн татвар нэмэгдэж байгаа нь инфляци өсөхөд нөлөөлж байна. Инфляци 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 8.2 хувьд хүрч, сүүлийн саруудад эрчимжих хандлагатай байна. Иймд Монголбанк инфляцийг урт хугацаанд 8 хувьд тогтворжуулах зорилтыг хэрэгжүүлэхээр Үндсэн чиглэлд тусгасан" хэмээв.

Тэрбээр цааш ярихдаа, "Энэ оны эхний гурван улирлын байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжиж, 5.8 хувьд хүрсэн. Гэсэн хэдий ч уул уурхайгаас хамаарал багатай салбаруудад идэвхжил сул хэвээр байгаа тул бизнесийн идэвхжил, ажил эрхлэлтийг дэмжихэд мөнгөний бодлогыг чиглүүлж байна. Тодруулбал, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл нь бүхэлдээ эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлэхийн зэрэгцээ үүсч болзошгүй эрсдлээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Цаашид банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, макро эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдалд чиглэсэн зохистой бодлогыг хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг олон зорилтуудыг үндсэн чиглэлд тусгасан” хэмээн мэдээлэв. 
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻