“Оюутны дуу хоолой-2017” үндэсний форум болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооноос “Оюутны дуу хоолой-2017” үндэсний форумыг маргааш Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборт зохион байгуулах гэж байна.
Форумын үндсэн зорилго нь төрөөс оюутанд чиглэсэн бодлого чиглэл, ажил үйлчилгээг сурталчлан таниулж, оюутны оролцооны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, оюунлаг, авьяаслаг, бүтээлч залуучуудыг алдаршуулан, тэдний дуу хоолойг төр засгийн түвшинд хүргэх явдал юм.
Тус форумыг олон улсад оюутны хөдөлгөөн үүсч хөгжсөний 76 жил, Монгол Улсад оюутны байгууллага байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа ба бүртгэлийг Тусгаар тогтнолын ордны 203 тоот өрөөнд явуулж байна.
Б.Туул