Монгол хэл шинжлэлийн асуудлаар 5 орны эрдэмтэд чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2017-11-16 11:58:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Амгаагийн Лувсандэндэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Монгол толь бичгийн уламжлал, шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр “Пума Империал” зочид буудалд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд ОХУ, Герман, БНХАУ, БНСУ, Монгол Улсын хэл шинжлэлийн ухааны 100 гаруй судлаач, эрдэмтэн, доктор, профессор оролцож байна. ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор Г.Билгүүдэй, Монгол судлалын үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга доктор Д.Заяабаатар, Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар үг хэлж, дотоод, гадаадын төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.



Академич А.Лувсандэндэвийн шавь өдгөө 70 настай академич Л.Болд “А.Лувсандэндэв нэрт толь зүйч болох нь” илтгэлээ сонордууллаа. Тэрбээр багшийнхаа бүтээлүүдийг эмхэтгэн “Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал”, “Үсэг бичиг, үг хэллэгийн судалгаа” хэмээх хоёр боть номыг энэ онд хэвлүүлэн гаргажээ. 

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.Лувсандэндэв академич 1957 онд хэвлэгдсэн "Монгол-Орос толь"-ийн ерөнхий редактороор ажилласан бөгөөд уг толь бичгийг тухайн үеийн намын төв хороо 40 мянгатын барилгыг ашиглалтад оруулсантай дүйцэхүйц бүтээл туурвилаа хэмээн дүгнэсэн байдаг. Мөн "Орос-Монгол" 50 мянган үгтэй толь бичгийг Ц.Дамдинсүрэн академичтай хамтран гаргахад нь Ю.Цэдэнбал дарга бүтээлийг нь Орос, Монголын хооронд төмөр зам байгуулсантай тэнцэхээр оюуны төмөр замыг барив гэж үнэлж байжээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн хэл зохиолын хүрээлэн зохион байгуулж байгаа бөгөөд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа юм.

Хуралд манай улсын эрдэмтэн, судлаачдаас гадна Оливер Корфф /ХБНГУ/, И Сон Гю /БНСУ/, Л.Б.Бадмаева, Г.А.Дырхеева, Е.Б.Сундуева /ОХУ/, Насан-Урт, Сүмбэрбат /БНХАУ/ зэрэг гадаад улс орны доктор, профессор, эрдэмтэд илтгэл тавих юм. Маргааш тус хурлын төлөөлөгчид “Хаан жимс” цогцолборт эрдэмтдийн чөлөөт ярилцлага зохион байгуулж санал бодлоо солилцоно.

Д.Өлзий
相关新闻