Залуу багш нарын урлагийн анхдугаар наадмын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-14 09:19:15
Ховд/МОНЦАМЭ/ Залуу багш нарын хичээл сургалтаас гадуурх  чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, тэдний урлагийн авьяасыг нээн хөгжүүлэх, хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон ястан үндэстний язгуур урлагийг хадгалан хамгаалж, өвлөн дэлгэрүүлж  эцэг эх, сурагч, багш нарт  сурталчлан  түгээх зорилготой “Алтан өв-Чадварлаг залуу багш” урлагийн анхдугаар наадам зохион байгуулагдаж,  өнөөдөр  шилдгүүдээ тодрууллаа.
Залуу багш нарын анхдугаар наадамд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн залуу багш нараас бүрдсэн 26 баг оролцож, гоцлол дуу, уран уншлаг, бүжиг зэрэг ардын урлагийн зургаан төрлөөр өрсөлдөв. Төрөл  тус  бүрт эхний гурван байрыг шалгаруулж, нийлбэр оноогоор эхний гурван байры эзэлсэн багт ивээн тэтгэгч УИХ-ын гишүүн, Ховд нутгийн  зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит мөнгөн шагнал,  дурсгалын зүйлсийг  гардуулан өгсөн юм.
Залуу багш нарын урлагийн анхдугаар наадмын гоцлол дууны төрөлд Манхан, Эрдэнэбүрэн сургууль, Жаргалант сумын лаборатори нэгдүгээр сургууль, хамтлаг дууны төрөлд лаборатори нэгдүгээр сургууль, Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг,Цаст–Алтай цогцолбор сургууль эхний гурван байрыг эзэлжээ.
Уран уншлагын төрөлд Прогресс сургууль, лаборатори нэгдүгээр сургууль, Дуут сумын сургууль, хамтлаг бүжгийн төрөлд Жаргалант сумын лаборатори нэгдүгээр сургууль, Манхан сумын, Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийнхэн шалгарчээ. 

Нийлбэр дүнгээр Жаргалант сумын лаборатори нэгдүгээр сургууль, Прогресс сургууль, Манхан сумын сургууль тус тус шалгарч өргөмжлөл, медаль, ивээн тэтгэгч УИХ-ын гишүүн, Ховд нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит  мөнгөн шагналаар шагнууллаа.
А.Бямбасүрэн
相关新闻