“Чингис фестивал” дөрөв дэх удаагаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эзэн Богд Чингис хааны мэндэлсэний 855 жилийн ойд зориулж “Женко тур бюро” ХК-аас “Чингис фестивал” арга хэмжээг 4 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.
Тус наадмын нээлт энэ сарын 19-ний өдрийн 11 цагаас Чингис хааны морьт хөшөө цогцолборт болох юм. Энэ үеэр Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Эрдэнэбаатар “XII зууны Их Монгол улсын түүх соёл” сэдэвтэй сонирхолтой лекц унших бол Түүхийн хүрээлэнгийн түүхч доктор, профессор А.Пунсаг Монголын нууц товчоотой холбоотой 600 гаруй ховор нандин бар хэвлэл, судрын номын цуглуулгаа дэлгэн олны хүртээл болгоно. Үүний зэрэгцээ “Чингис хаан ба Их Монгол улс” маркны төрөлжсөн үзэсгэлэн, АХА асуулт хариултын тэмцээн, шилмэл жороо морьд, морьтон баатруудын үзүүлбэр, “Талын Монгол” ардын урлагийн богино хэмжээний тоглолт болж, үндэсний хувцастай шилдэг хосыг шалгаруулах аж.