Ногоочиддоо шинэ мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-12 22:00:58
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах арга зүй” сэдэвт ногоочдод зориулсан сургалтыг аймгийн Засаг даргын ивээл дор энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт төмсний 28 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Ийм ч учраас аймгийн Засаг дарга Ш.Оргил хашаандаа, бага талбайд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж өрхийн аж ахуй эрхлэн амьдралаа авч яваа олон арван иргэддээ дэмжин ажиллана гэж ногоочиддоо амлаж, өнгөрсөн 10-р сард аймгийн “Ногоочдын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулсан билээ. Энэхүү зөвлөлгөөнөөс гарсан ногоочдынхоо санал хүсэлтэд тулгуурлан аж ахуйгаа эрхлэхэд нь тус дэм болох мэргэжил арга зүй зөвлөгөө өгөх үүднээс энэ удаагийн сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтанд аймгийн 17 сумын ногоочид Засаг дарга нарынхаа хамтаар оролцож тус салбарын эрдэмтэн докторуудын илтгэл мэдээллийг сонсож, санал бодлоо илэрхийлэн шинэ мэдлэгтэй боллоо. Сургалтын хүрээнд Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт “Өвлийн хүлэмж барих арга”, “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын агрономич С.Тунгалаг “Хүлэмжинд жимс, хүнсний ногоо тариалах технологи”, БИОС нийгэмлэгийн тэргүүн Д.Тэгшжаргал “Хүнсний ногооны өвчин хортонтой тэмцэх арга”, УГТХ-ийн Хүнсний ногооны секторын эрхлэгч Н.Нарангэрэл “Хүнсний ногоо тариалах агро зөвлөмж, үр үржүүлэх боломж”, УГТХ-ийн хүнсний ногооны эрдэм шинжилгээний ажилтан Н.Одончимэг “Бага тархацын ногооны үрслэг бойжуулах арга, ургалтын хугацааны арчилгаа” сэдвүүдээр мэдээлэл өгсөн. Мандал сумын ногоочдын холбооны тэргүүн, ногоочин Р.Нармандах “Мандал суманд байцаа болон бусад ногоо тариалсан туршлага”, Шаамар сумын Улсын ургацын аварга ногоочин Ц.Даваасамбуу “Шаамар суманд сонгинолог ургамал тариалж буй туршлага”-аасаа тус тус хуваалцлаа.
Мөн сургалтын хүрээнд аймгийн “Төмс, хүнсний ногоо” хөтөлбөрийн гуравдугаар хэлэлцүүлэг явагдаж ногоочид саналаа хэллээ. Аймгийн зүгээс орон нутгийн төрийн мэдлийн цэцэрлэг, сургууль, цэргийн анги, эмнэлэг зэрэг төсвийн байгууллагуудын төмс, ногооны худалдан авалтыг тухайн сумаасаа авдаг болгох, сум бүрт төмс, ногооны агуулах зоорийг концессийн нөхцлөөр барьж байгуулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх бодлого барин ажиллаж байгаа талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа хэллээ. Энэ үеэр ногоочид өвлийн хүлэмжийн асуудлыг ихэд сонирхож буйгаа хэлээд өвлийн хүлэмжийг хэрэглэснээр ногоочид жилдээ хоёр удаа ургац хурааж, жилийн дөрвөн улиралд зогсолтгүй ажлын байртай болох нөхцөл бүрдэнэ гэлээ. Ингэснээр ногоочдын орлого ч нэмэгдэж, ажлын байраа улирлын чанарт нийцүүлэхгүйгээр хадгалан байнгын ажилтай, орлоготой болох бүрэн боломжтой болох ажээ. Энэ асуудлыг аймгийн удирдлагууд анхааралдаа авснаа ногоочдод хэллээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻