Гэр бүлийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчилж авахыг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-11 08:00:06
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/  2003 онд “Газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш Орхон аймагт 20 мянга орчим иргэн эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргасан байдаг. Үүний 90.9 хувь буюу 16 мянган иргэн 1460.6 га газраа өмчилж авчээ. Үлдсэн нь үерийн ам болон өндөр хүчдэлийн бүс нутаг, маргаантай газарт байгаа тул өмчилж авч чадаагүй байна.
Түүнчлэн 2008 оноос иргэн бүрт газар олгож эхэлснээр 1120 өрхийн 3206 иргэний өргөдлийн дагуу хамтран эзэмших эрхийг нь салгажээ. Тэгвэл ирэх оны тавдугаар сарын нэгнээс гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж буй газрыг өмчилж авах хуулийн хугацаа дуусах тул иргэд газар өмчлөх өргөдлөө яаралтай өгөх хэрэгтэй гэж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн хэллээ. Хэрэв хуулийн хугацаандаа амжихгүй бол хураамж төлж өмчлөх эрхээ авах гэнэ. Тодруулбал, Засгийн газрын тогтоолын дагуу бүс нутгаас хамааран га газрын өртөг нь өөр, өөр ажээ. Орхон аймаг хангайн бүсийн уулархаг нутагт хамаардаг тул нэг м.кв талбайг 20 мянган төгрөгөөр үнэлэх гэнэ. Иймд хуулийн хугацаа дуусахаас өмнө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж байгаа газраа өмчлөх хэрэгтэйг санууллаа.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻