Залуу багш нарын урлагийн анхдугаар наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-10 10:01:43
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Залуу багш нарын холбоо, аймгийн Боловсрол, Соёл Урлагийн газар
/БСУГ/, “Сандаг сан” хамтран “Алтан өв-Чадварлаг залуу багш” урлагийн анхдугаар наадмыг зохион байгуулав.
Залуу багш нарын хичээл сургалтаас гадуурх чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, тэдний урлагийн авьяасыг нээн хөгжүүлэх, хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон ястан үндэстний язгуур урлагийг хадгалан хамгаалж, өвлөн дэлгэрүүлж, сурталчлан түгээх зорилготой “Алтан өв-Чадварлаг залуу багш” урлагийн анхдугаар наадмыг УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт  ивээн тэтгэсэн юм.
Ховд Их сургуулийн урлагийн танхимд болсон уг наадмын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди,  аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын туслах С.Гантөмөр, аймгийн Залуу багш нарын холбооны тэргүүн Х.Лхамсүрэн нар оролцлоо. Урлагийн наадамд 17 сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  залуу багш нараас бүрдсэн 26 баг оролцож, ардын гоцлол дуу, хамтлаг дуу, уран уншлага, хамтлаг бүжиг, хөгжим, бусад гэсэн зургаан төрлөөр авьяас чадвараа харуулан өрсөлдөж байна. Залуу багш нараас бүрдсэн баг тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд урлагийн үзүүлбэр бүрт “Ардын урлаг”-ийн чимхлүүр, донж, хэв маяг шингээхийг хичээсэн байлаа.
Залуу багш нарын урлагийн анхдугаар наадмын шүүгчээр БСУГ-ын мэргэжилтэн, СТА Ж.Тунгалаг, мэргэжилтэн С.Алтангэрэл, ХДТ-ын уран сайхны удирдагч, СТА Х.Эрхэмбаяр, хөгжмийн зохиолч, “Төгөлдөр” студийн захирал СТА Б.Хүрэлбаатар, бүжиг дэглээч, судлаач СТА Ц.Нямдаваа нар ажиллаж, тайзны соёл, урлагийн үзүүлбэрийн чөлөөт илэрхийлэл, микрофонтой харьцах байдал, цаг барих гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтийг баримтлан 1-5 оноогоор дүгнэж байна.
Урлагийн наадмын тухайд аймгийн Залуу багш нарын холбооны тэргүүн Х.Лхамсүрэн хэлэхдээ, “Манай холбоо нь  залуу багш нарын хөгжил, хамтын ажиллагаа болон сурагчдын сурлага, төлөвшил, хүмүүжилд чиглэсэн ажил, нийгэмд эерэг хандлага, эерэг мессеж өгөх зорилготой “нийгэмд хандсан ажил” гэсэн гурван  үндсэн чиглэлтэй ажиллаж байна. Тус  холбооны энэ оны ажлын төлөвлөгөөнд орсон хоёр дахь томоохон ажил нь урлагийн анхдугаар наадмыг зохион байгуулах явдал байсан. Энэ ажил өнөөдөр амжилттай эхэлж байна. Урлагийн анхдугаар наадмын үр дүнд аймгийн залуу багш нарын хамтын ажиллагаа өргөжих, хоорондоо танилцах, холбоо тогтоох, аливаа үйл ажиллагааг цаашид хамтран зохион байгуулах  үүд хаалгыг  нээж  өгөх  ач холбогдолтой. Залуу багш нарын урлагийн наадам жил бүр уламжлал болон зохион байгуулна” гэлээ.
Залуу багш нарын урлагийн  анхдугаар  наадмын шилдэг үзүүлбэрүүдийг тодруулсны дараа аймгийн ХДТ-т  “Гала” тоглолт зохион байгуулах аж.  
                                                                                                                                                 А.Бямбасүрэн
相关新闻