Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-10 08:27:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар өчигдөр ирэх 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Мөн уг хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгав.

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан 10-аад хуулийн төсөл болон 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус боловсруулж өргөн мэдүүлсэн юм. Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн хүрээнд Төсвийн байнгын хорооноос гарсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад туссан гадаад зээлийн ашиглалт, санхүүжих зардлыг 117 тэрбум төгрөгөөр, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр дэх зээлийн хүүгийн татаасыг 1.8 тэрбум төгрөгөөр, их, дээд сургуулийн тогтмол зардалд төсвөөс олгож байгаа санхүүжилтийг 4.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, эдгээр эх үүсвэрийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн эх үүсвэр болон төсвийн захирагч нарын урсгал зардлыг нэмэгдүүлэх, шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийхэд төсөвлөсөн хөрөнгө болон улс, орон нутагт улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд тус тус зарцуулах нь зүйтэй гэсэн саналыг дэмжив. 

Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт 62 тэрбум төгрөг нэмж тусгахыг 4 тэрбумаар бууруулж 58 тэрбум төгрөг болгох талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул тэрбээр энэ асуудлаар цөөнх болжээ.

Дараа нь УИХ-ын гишүүн З.Нарантуяа хуулийн төслүүдийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан санал дүгнэлтийг танилцуулсан юм. Ирэх оны улсын төсвийг бүхэлд нь авч үзэхэд Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулиар баталсан төсвийн шалгуур үзүүлэлтийн таван үзүүлэлтийг хангаагүй, төсвийн зарлагыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэнд шүүмжлэлтэй хандаж буйгаа дурдсан. Мөн төсвийн хариуцлага, сахилга, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, бодит төлөвлөлтийг сайжруулах, эдийн засаг өсч буй энэ үед хуримтлал бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, том төслүүдээ хөдөлгөх, улсын хэмжээнд цалин хөлсний цогц бодлого боловсруулж инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэв.  

Ингээд 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд Төсвийн байнгын хорооны гишүүд болон ажлын хэсэг, бусад байнгын хороодоос гаргасан 50 гаруй зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан юм.  
Н.Туяа
相关新闻