Төлөвлөгөөнөөс давсан орлогоороо сумандаа бүтээн байгуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2017-11-08 09:27:18
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сум энэ жил төсөвт төвлөрүүлэх татварын орлогоо давуулан биелүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум байгалийн дагалдах баялаг болох төрөл бүрийн жимс, самар, ан амьтан ихтэйгээрээ бусад сумдаасаа давуу онцлогтой сум билээ. Энэ жил хуш модны самар ихээхэн хэмжээгээр ургасан байна. Сум орон нутгийн удирдлагуудын зүгээс тодорхой бодлого барин байгалийн баялгаа ашиглах  боломжийг иргэддээ олгон үүгээрээ дамжуулан орон нутгийн төсөвт нэлээд хэмжээний мөнгө хуримтлуулж, татварын орлогоо 1.6 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум энэ 2017 оныг “Байгаль хамгаалал, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан байна. Энэхүү зарласан жилийнхээ хүрээнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт шинэчлэл хийхээр нийт 32 төрлийн ажил тусган түүнийгээ амжилттай хэрэгжүүлжээ.
Тухайлбал сумын төв дундах 0.8 км урттай хатуу хучилттай авто зам, “Жимсхэн” 23-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажлуудыг хийж гүйцэтгэн энэ сарын 2-ны өдөр хүлээлгэн өглөө. Энэхүү сумын төв дэх 0.8 км урттай хатуу хучилттай авто замын нээлтийн ёслолд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ж.Сайнцог, аймгийн Боловсролын Соёлын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Жаргалсайхан, сумын удирдлагууд, барилгын гүйцэтгэгчээр ажилласан “ЗБИБ” ХХК-ийн инженер техникийн ажилчид, нутгийн иргэд оролцлоо. Энэ үеэр тус сумын Засаг дарга Д.Пүрэвдорж, ”2017 онд Хүдэр суманд ийнхүү орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 32 ажил төлөвлөж, ар араасаа ажил хэрэг болж байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Манай Хүдэр сумын чиглэлд өнгөрсөн зун саадгүй зорчих хатуу хучилттай засмал замтай болсон бол өнөөдөр иргэдийнхээ хүсэлтийг үндэслэн сумын төв 0.8 км урттай шороон замыг хатуу хучилттай авто зам болгон өөрчиллөө” хэмээн хэллээ.
Тус замын ажлын тендер нээлттэй зарлагдаж гурван аж ахуйн нэгж оролцсоноос “ЗБИБ” ХХК гүйцэтгэгчээр шалгаран 306.2 сая төгрөгийн өртөгтэйгээр тус замын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Хүдэр сум 2016-2017 онд байгалийн дагалт баялгаас олсон орлогоо ийнхүү үр бүтээлтэй зүйлд зарцуулж чаджээ.
 Ч.Отгонцэцэг
相关新闻