Төсвийн сахилга батыг сайжруулж, үргүй зардлаа багасгахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-06 15:13:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Хотын  дарга төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгахыг үүрэг болголоо.

Мөн үеэр “Засгийн газраас гаргасан “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлж, үр дүнг сар бүрийн 5-ны дотор тайлагнах, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах нь зүйтэй гэдэгт төвлөрөв.

Улмаар хотын удирдлагууд Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс хөрөнгө шаардахгүй ажлуудыг өрнүүлэх, үлдэж буй хугацаанд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулахыг холбогдох албаныханд  чиглэл өгсөн юм.

Нийслэлийн төсвийг бүрдүүлэхэд газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллахыг үүрэгдэв.
 
Б.Заяа
相关新闻