НҮБ-ын гишүүн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Германд хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-11-06 11:38:03
БОНН. /Киодо/. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын ээлжит хэлэлцээ өнөөдөр Германд эхэлнэ гэж Японы “Киодо” агентлаг мэдээллээ. АНУ Парисын хэлэлцээрээс гарахаар шийдвэрлэснээс хойш уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар НҮБ-ын гишүүн орнууд анх удаагаа хуралдах гэж буй нь энэ юм.

Өнөөдөр Германы Бонн хотод эхлэх "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенци" буюу “COP23” олон улсын бага хуралд 190 гаруй улс орны төлөөлөгчид оролцох аж.

Хүлэмжийн хийг бууруулах зорилго бүхий Парисын хэлэлцээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн юм. Парисын хэлэлцээрт нэгдсэн улс орнууд хүлэмжийн хийг бууруулах зорилтынхоо биелэлтийг хэрхэн тайлагнах, хүлэмжийн хийг бууруулах зорилтоо ахиулах зэрэг асуудлыг “COP23” бага хурлын үеэр авч хэлэлцэх ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Парисын хэлэлцээрээс гарч буйгаа энэ оны зургадугаар сард зарласан юм. Тус улс нь хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд дээрээсээ хоёрдугаарт ордог билээ.

“COP23” бага хурал энэ сарын 17-нд өндөрлөх аж.

Г.Доржханд

相关新闻