Алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс 7 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-06 10:39:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит чөлөөт бөхийн “Yoshida cup” өсвөр үеийн олон улсын тэмцээнээс манай тамирчид долоон медаль хүртжээ.

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга С.Ёшидагийн нэрэмжит тус тэмцээн энэ сарын 3-4-нд түүний төрсөн нутаг Миэ мужийн Цүй хотод болсон юм. Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах нарын удирдлага дор 20 гаруй тамирчин хүч, ур чадвараа сорьж нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна.

Тухайлбал, охидын ангилалд “Женко” клубын тамирчин Б.Марал алт, тус клубын Э.Одзаяа, Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн нар мөнгө, Б.Хонгорзул, 2016 оны тус тэмцээний аварга “Женко” клубын тамирчин Д.Отгонжаргал, М.Мөнхгэрэл, “Хөх эрчис” клубын тамирчин М.Түмэн-Өлзий нар хүрэл медалийн эзэд болжээ. Тэднээс М.Мөнхгэрэл, Б.Хонгорзул, Э.Одзаяа нар гурван жил дараалан медаль хүртсэн бол Ө.Пүрэвсүрэн, Д.Отгонжаргал хоёр дахь удаагаа, Б.Марал, М.Түмэн-Өлзий нар анх удаа медалийн эзэд болов.

Гурав дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, Франц, Канад, АНУ, Норвеги гэсэн
чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчидтай 6 орны 900 гаруй тамирчин ур чадвараа сорьсон нь тус тэмцээний нэр хүнд болон цар хүрээ ямар болохыг илтгэж байгаа юм.
 

Д.Өлзий

相关新闻