Г.Ганболд: Барилга “царцаах” нь мөнгө олох арга болсон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-04 22:41:55
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 2010 оноос эхлэн он дамжсаар одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа таван обьект байна.
Уянга сумын 400 хүний суудалтай Соёлын төвийн барилга 2010 онд 1,4 тэрбум гаруй төгрөгийн өртгөөр баригдаж эхэлсэн ч “Бүтээлч шинэ сонголт” ХХК нь санхүүжилт хүрэхгүй гэх шалтгаанаар өнөөг хүртэл “царцааж” байгаа юм. Есөнзүйл сумын 120 хүүхдийн бага сургуулийн барилгын ажлыг 2013 онд “ТЭТҮ” ХХК 793,3 сая төгрөгөөр гүйцэтгэн 2015 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан ч өдгөө 80 хувийн гүйцэтгэлтэйгээр тав дахь жилдээ үргэлжилж байна.
Мөн 2013 онд “Тэнүүн хас сар” ХХК-иас Хархорин суманд үерээс хамгаалах далан, сувгийн байгууламж барих ажлыг 2,7 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх эрх авсан ч хугацаандаа амжилгүй, одоо 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Арвайхээр суманд 928 хүүхдийн багтаамжтай Мэргэд лаборатори сургуулийн барилгыг “Аж констракшн” ХХК-иас 3,5 тэрбум төгрөгөөр 2014 онд, Хужирт сумын 75 ортой цэцэрлэгийн барилгыг “Хатиган болор” ХХК-иас 844 сая төгрөгийн өртгөөр 2015 онд тус тус эхлүүлсэн ч хугацаандаа дуусалгүй дахин он дамжих болоод байна. Эдгээр барилгыг ашиглалтад оруулахын тулд аймгийн удирдлагууд жил дараалан хөөцөлдөж ирсэн ч үр дүнд хүрээгүй юм.
Энэ тухай аймгийн Засаг дарга Г.Ганболд ИТХ-ын VII хуралдааны үеэр хэлэхдээ “Зарим компаниудад барилга “царцаах” нь мөнгө олох арга, хэрэгсэл болсон байна. Санхүүжилт хүрээгүй гэх шалтгаанаар жил бүрийн төсөвт мөнгө тавиулдаг. Уянга сумын Соёлын төвийг барьж байгаа компани анх 500 сая төгрөгөөр тендер авч байсан бол одоо 1,6 тэрбумд хүрээд байгаа. 2018 оны улсын төсөв дээр дахиад 260 сая төгрөг тавиулчихсан байна” гэв. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж “Уянга хүн ам олонтой, том сум. Гэтэл 7-8 жил соёлын үйлчилгээ авах газаргүй, иргэд хохирч ирлээ. Тендер авчихаад ажлаа гүйцэтгэхгүй, жил бүр төсөв тавиулж байдаг энэ компаниудын ард өмгөөлж, хамгаалж байдаг хүмүүс байх шиг байгаа юм. Тэр хүмүүсийг илчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарламаар санагдаж байна. Цаашид энэ компаниудаар дахиж барилга бариулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Хурлын төлөөлөгчид тойрогтоо баригдаж байгаа барилгыг эхнээс нь хянаж, явц байдалтай нь байнга танилцаж баймаар байна” гэлээ.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Загарзүсэм “Уянга сумын Соёлын төв баригдаж эхлээд долоон жилийн нүүр үзэж байна. Эхний хийсэн фасад нь одоо муудаад гадна фасад дахиж хийх шаардлагатай болсон. Халаалтын систем нь учир дутагдалтай учраас цахилгаан эрчим хүчний хангалт доголдож, 160 кв-ын трансформатор шийдэх тухай асуудал яригдаж байгаа” гэж байв.
Дээрх “царцсан” барилгуудын дөрвийг БСШУЯ, нэгийг нь БХБЯ-д тендер зарлаж, сонгон шалгаруулсан бөгөөд яаман дээр танил талаа харж чадвар, туршлагагүй компанид тендер өгдөг, нөгөө талаар яаманд шалгаруулсан ажил үйлчилгээ орон нутагт “хөрсөн дээр” буудаггүй, ажлын бодит уялдаа холбоо байдаггүй, үүнээс болж маш олон эрх ашиг зөрчигдөж байна хэмээн ИТХ-ын үеэр төлөөлөгчид хэлж байлаа.
2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болох 2,5 тэрбум төгрөгийг эдгээр таван объектод төсөвлөсөн ч мөн л ажлаа дуусгаж чадаагүй байна.
Б.Батчимэг
 
相关新闻