38 дугаар цэцэрлэг халаалт, дотоод орчны агаарын бохирдлоо цогцоор нь шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-01 14:42:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй  “Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах  38 дугаар цэцэрлэгийн  барилгыг дулаалж, дулаан алдагдлыг бууруулах ажлыг гүйцэтгэж, өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.
Тус цэцэрлэг нь 7 бүлэгтэй бөгөөд нийт 350 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог байна. Цэцэрлэгийн барилга цахилгаанаар халдаг хэдий ч модон цонхтой, нимгэн ханатай тул хүүхдүүд даарахаас эхлээд сургалтын орчин нөхцөл муу байсан юм. Тиймээс  “Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд тус цэцэрлэгт 20 ширхэг цонх сольж,  195 ам дөрвөлжин дээврийг хуулж дулаалан, дөрвөн ширхэг агаар сэлгэлтийн системийг шинэчилж, 334 ам дөрвөлжин талбай бүхий гадна ханыг дулаалжээ. Үүнд нийт 83 сая төгрөг зарцуулсан байна.

38 дугаар цэцэрлэг нь агаарын бохирдол ихтэй бүсэд байдаг тул өндөр үр ашиг бүхий ХЕПА шүүлтүүрийн төхөөрөмжийг бүх анги, бүлэгтээ суурилуулсан байна. Ингэснээр 38-р цэцэрлэг нь халаалт болон дотоод орчны агаарын бохирдлын асуудлаа цогцоор нь шийдвэрлэж байгаа юм.

Ашиглалтад хүлээн авах ёслолын үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, “Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн дулаанд холбогдоогүй 43 сургууль, 60 цэцэрлэг байдаг. Дэлхийн банкны “Улаанбаатар цэвэр агаар” төслийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэг дээр барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн дулаан алдагдлыг засварын ажил хийлээ. Одоо нийслэлийн 6, 125, 82 дугаар цэцэрлэгийн барилгыг дулаалах ажлыг дуусгана” хэмээв.

Ч.Ариунболд
相关新闻