Сэврэй суманд "Happy smile" эмнэлэг ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй суманд "Happy smile" эмнэлэг ажиллаж эхэллээ. "Эрүүл шүдтэй ирээдүйн эзэд" хөтөлбөрийг тус суманд эхлүүлж энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд дээрх эмнэлгийг урьж ажиллуулж байгаа ажээ.
Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхдийн төлөө зөвлөлийн уулзалт ярилцлагуудаар гарсан саналыг үндэслэн уг эмнэлгийг сумандаа ажиллуулахаар болсон байна.
Сэврэй сумын удирдлагууд Улаанбаатар хотын "Happy smile" шүдний эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, сумандаа хавар, намар хоёр удаа ажиллуулахаар болжээ. Уг эмнэлэг ажиллах хугацаандаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бүх хүүхдэд үзлэг оношилгоо эмчилгээ хийхээс гадна иргэдэд ч мөн үйлчлэх аж.
Эмнэлгийн хамт олон хиймэл шүд хийх, шүд авах, шүдний урьдчилан сэргийлэх эмчилгээ, зөвлөгөө зэрэг цогц үйлчилгээг үзүүлж байна. "Happy smile" эмнэлэг нь сумын хүн эмнэлэг дээр байрлан энэ сарын 30-аас ирэх сарын дөрвөн хүртэл ажиллах юм.
Д.Мишигсүрэн