Д.Эрдэнэбат: 2018 онд өр нэмэгдүүлэх ёсгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-30 12:01:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, "Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт 2018 оны төсөв батлах гэж байгаатай холбогдуулж ажлын хэсэг байгуулах тухай, хоёрдугаарт Засгийн газрын гишүүдийн тоимлгоотой холбоотой УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгчөөс тавьсан хэсэгчилсэн хориг, гуравдугаарт төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай гэсэн асуудлыг хэлэлцэв. 

Ирэх оны төсвийг 11 дүгээр сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Ингэхдээ хамгийн гол нь төсвийн орлого бүрдүүлэлт тал дээр шинэчлэл хийсэн байх нь зүйтэй гэж үзлээ. Өмнөх Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1 их наяд төгрөгөөр өр нэмсэн. Иймд 2018 онд өр нэмэхгүй байхыг бид шаардаж ажиллана. Хэрэв жил бүр нэг их наяд төгрөгөөр өр нэмсээр байвал Засгийн газар бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд 4 их наяд төгрөгөөр өр нэмэх нь. Энэ бол байж болохгүй асуудал. Үүн дээр онцгой анхаарах ёстой.

2017 оны төсвийг хэлэлцэх үед бид эрх баригчдад нэг зүйлийг анхааруулж байсан. Уул уурхайн баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөх нь. Та нарын төсөөлж байгаа ханш болон үнийн төсөөлөл бага түвшинд байна шүү хэмээн АН-ын зүгээс хэлж байсан. Гэвч бидний үгийг аваагүй. Тиймээс 2018 оны төсвийг батлахын өмнө орлого тооцоолол дээрээ валютын ханш болон түүхий эдийн үнийг бодитоор харж тооцох хэрэгтэй.

Мөн энэ удаагийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцлээ. Ингээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоог дэмжихгүй гэдэг байр сууриа хэвээр хадгалахаар болсон. Гуравдугаарт ажлаас хууль бусаар халагдсан 22 мянган төрийн албан хаагчийн асуудлыг авч хэлэлцээд ажилгүйдлийг тэтгэмжийг олгох, цаашлаад үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг шүүхээс тогтоосон бол ажилд нь буцаан томилох нь зүйтэй хэмээн үзлээ" гэлээ.
Б.Туул
相关新闻