ПОС машин суурилуулах ажил олон шалтгааны улмаас удаашралтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-29 18:46:36
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 1400 орчим дэлгүүр ПОС машин суурилуулах ёстой ч одоогоор 200 гаруй дэлгүүр л тавиад байгаа аж.
Хүнсний дэлгүүрүүд и-баримт хэвлэх ПОС машин суурилуулаагүйгээс иргэд баримт авч, сугалаанд оролцож чадахгүй байна гэсэн гомдол их байдаг.
Энэ талаар аймгийн Татварын хэлтсийн дарга Н.Эрдэнэсувдаас тодруулахад, “НӨАТ-ын шинэчилсэн системийн дагуу и-баримт олгох ажил олон шалтгаанаас болоод удаашралтай байна. Бизнес эрхлэгчид маань аж ахуйн нэгжийн татвар төлөхөөс гадна НӨАТ төлөгч болчихно гэж ойлгоод баримт олгох дургүй байгаа. Гэтэл тийм биш шүү дээ. Үйл ажиллагааны орлого нь 50 сая төгрөг хүрвэл НӨАТ төлөгч болно. Дэлгүүр, үсчин, цайны газар гээд жижиг худалдаа эрхэлдэг иргэдийн хувьд орлого нь 50 сая төгрөг хүрдэггүй бол НӨАТ баримт олгохгүй, гэхдээ худалдан авагч үйлчлүүлэгчиддээ заавал сугалаатай баримт олгох үүрэгтэй. Хоёрт сум, багийн дэлгүүрүүдэд ПОС машин суурилуулах боломж, нөхцөл хязгаарлагдмал байна. Жишээ нь Баянтээгт гэхэд жигтэйхэн том, комплекс шахуу машин аваачаад суурилуулчихсан чинь тэнд шилэн кабель, интернет байхгүй учраас ашиглаж чадахгүй болчихож байгаа юм. Нөгөө талаас НӨАТ төлөгч аж ахуйн нэгжээс баримт авсан тохиолдолд хоёр хувийн буцаан олголт хийгдэнэ. НӨАТ төлөгч биш газраас баримт авсан бол зөвхөн сугалаанд оролцох эрхтэй байдаг гэдгийг манай иргэд анхаарах хэрэгтэй" гэв.

Гэр хороолол дахь архи, согтууруулах ундаа худалдах эрх бүхий найман нэрийн дэлгүүрүүдийг и-баримтаар үйлчлэх шаардлага тавьж, дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авах, сунгах зэрэгт ПОС машин тавихыг нэг үзүүлэлт болгож эхлээд байна. Мөн баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг хуулийн дагуу торгох арга хэмжээ авч байгаа юм.
Б.Батчимэг
相关新闻