Азийн орнуудын орон сууцны корпорацийнхан Сөүлд чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-10-27 16:09:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БНСУ-ын Сөүл хотын захиргаа болон Сөүл хотын Орон сууцны корпораци хамтран орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хотуудын дахин төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Азийн нийтийн орон сууцны олон улсын форум”-ыг 2 дахь удаагаа БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байна.
Азийн хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой тус форумд “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцож байгаа юм.

Форумын эхний өдөр Азийн хотуудын орон сууцыг хөгжүүлэхэд дахин төлөвлөлтөд тулгарч буй асуудлууд болон иргэдийн оролцоог сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг хийжээ.

Азийн орнуудын онцлогоос шалтгаалан хөгжлийн явц болон шийдвэрлэх арга зам харилцан адилгүй. Мөн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бусад улс орнуудын баримталж буй бодлогод үндэслэн төлөвлөлтийн шийдлүүд, санхүүгийн төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн хангамж болон цаашид хэрэгжүүлэх арга замуудын талаар санал солилцлоо.
Дахин төлөвлөлт болон орон сууцжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудын туршлагаас үзэхэд тухайн орны орон сууцны чиглэлийн бодлого төлөвлөлтийг тодорхойлдог бие даасан “Орон сууцны корпораци” ажилладаг гэдгийг тус форумд оролцогч Азийн орнуудын орон сууцны корпорацийн төлөөллүүд онцолж байлаа гэж НИТХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
相关新闻