Миний хаясан хог хэзээ таны цалин болох вэ?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-27 14:58:06
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Миний хаясан хог таны цалин болж очих эсвэл таны хаясан хог миний цалин болж ирэх цаг хэзээ бол? Монголчууд хогоо ангилж, дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах талаар олон жил ярьж судалж ирсэн. Гол нь хог бол миний биш бусдын  асуудал гэж харж байгаад л учир байна. Ганцхан жишээ дурдахад, Орхон аймагт нэг өрх сардаа хэдэн шоо.метр хог “үйлдвэрлэсэн” ч ердөө 1000 төгрөг л төлнө. Тав, 10 гишүүнтэй өрхийн үйлдвэрлэсэн хог  нэг  талхны ч  үнэд хүрэхгүй байна гэсэн үг. Үнэндээ төр ч иргэн ч тэр аль аль нь хогийг ХОГ  гэж л харж байгаа нь таван сая шоо  метр хог цуглуулахад хүргэсэн байх. 
41 жилийн түүхтэй Эрдэнэт хот 80.3 га талбайд таван сая шоо метр хог цуглуулжээ.  Үүнийг дахин боловсруулах, дарж устгах, эдийн засгийн эргэлтэд оруулах гэж олон оролдлого хийсэн. Ямар ч байсан 41 жил огт зүгээр суугаагүй. Харин иргэдийн хогонд хандах хандлага, соёл  нь энэ 41 жилд огт өөрчлөгдөөгүй юм. Хэдэн жилийн өмнө нэг торх нь 1000 төгрөг байсан хогийг иргэдийн амьжиргаанд тааруулж байна гээд 10 торхыг  1000 төгрөг болгосон. Учир нь хогондоо мөнгө төлөх дургүй иргэдийн  гуу, жалганд хаясан хог өдөр бүр нэмэгдсэн болохоор тэр.  Дээрээс нь иргэд өөрийнх нь гэрт байгаа хог гэрээсээ гарахаараа төрийн хог болгож сэтгэж байгаа нь хогийг эдийн засгийн эргэлтэд оруулахад  тулгамдаж байгаа гол бэрхшээл  нь болж байна.  Иймд хогийг зөв менежментээр татан зайлуулах, ангилан ялгах талаар иргэдэд мэдээлэл өгөх, ангилсан хогийг тусад нь цуглуулдаг тогтолцоог нэвтрүүлэх, хоёрдогч түүхий эд авдаг байгууллага, иргэдийн тоог нэмэх,  иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага байгаа юм.
Орхон аймгийн таван сая шоо метр хогийг цаашид хэрхэх талаар “Эрдэнэт” ШУТП-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл судалгаа хийжээ. Үүнд, “Эрдэнэт хотын 28 мянга гаруй өрх жилд дунджаар 123 мянган шоо метр хуурай хог хаягдал гаргадаг. Гэр хорооллын 17 мянган өрхийн хаяж буй хогийн найман хувь  нь ундаа усны сав, долоон хувь нь хуванцар сав, долоон хувь нь шил, гурван хувь нь яс байна. Харин орон сууцны 9000 гаруй өрхийн хогийн 12 хувь нь ундаа усны сав, найман хувь нь хуванцар сав, найман хувь нь шил, дөрвөн хувь нь яс байна” гэсэн дүгнэлт гарчээ. Эндээс харахад хоёрдогч түүхий эд болох яс, хүнсний хог, дахин боловсруулах ундаа, усны сав болон хуванцар савыг эдийн засгийн эргэлтэд оруулж болохоор байгаа бөгөөд хогоо мөнгө болгохын тулд эхлээд хогийн бүтцээ судлах, хогоо ангилах нь зөв юм. Үүний тулд долоо хоногийн долоон өдөр долоон төрлийн хог, хаях түүнийг нь хуримтлуулалгүйгээр тээвэрлэх зохицуулалтыг хийх нь чухал.  Жишээ нь даваа гаригт хуванцар сав авах, мягмар гаригт ундаа, усны сав авах, лхагва гаригт яс авах, пүрэв гаригт хүнсний хог авах өдөр гэхчилэн тодорхой хуваарь гаргаж зохицуулалт хийх. Мөн гэр хороолол болон орон сууцны байр болгоны гадаа хоёрдогч түүхий эд авах цэг байрлуулах. Ингэснээр иргэд гэрээсээ гарахдаа л хогоо ангилж уусан ундаа, усныхаа савыг худалдана гэсэн үг юм.  Ийм цэгийг нэмэгдүүлсэнээр хогийг ангилж сурах бас нэг нөхцөл бүрдэнэ.
                                                 Долоон өдөр долоон төрлийн хог авна
Эрдэнэт хотод мах боловсруулах дөрвөн үйлдвэр бий. Эндээс малын гаралтай сэвс, цус, яс, толгой, шийр, арьс гээд олон төрлийн хог гардаг. Монголчуудын хогийн бүтэцэд яс байдаг учир ангилан ялгалтад хүндрэлтэй байдаг гэж нэгэн эрхэм хэлж байсныг санаж байна. Намайг бага байхад сургууль дээрээ яс, цаас авчирч тушаа гэдэг байлаа. Ясаар нь барааны саван, цаасаар нь чиний дэвтэр бүтсэн шүү гэж багш хэлдэг байв. Тэгэхээр бид өмнө нь хогоо зөв ашиглаж түүнийгээ баялаг болгож чаддаг байсны нэг илрэл юм. Харин одоо “үнэгүй” хог үнэтэй болох цаг аль хэдийн ирсэн.
Эрдэнэт хот шиг 100 мянган хүн амтай жижиг хотын хувьд хогийн нөөц ч бага  юм.  Таван сая шоо метр хогоор дизель түлш үйлдвэрлэх, эрчим хүч гаргахад хүндрэлтэй. Харин таван сая шоо метр хогоо ангилчихвал худалдаж авах хүн олдох байх. Хэдэн жилийн өмнө Эрдэнэт хотын удирдлагууд Германчуудтай хамтран хог боловсруулах үйлдвэр барихаар бизнес уулзалт зохион байгуулсан юм. Гэвч монголын улс төр, Эрдэнэтийн хогийн нөөц, бүтэц нь хамтран ажиллах сэтгэлийг нь өдөөж чадаагүй байх. Тэгэсхийгээд л чимээгүй болсон. Гэхдээ цаашид хүн амын төвлөрөл нэмэгдэх тул хогийг Баялаг болгох санаачилгыг одооноос эхлүүлэх хэрэгтэй юм. Эхлээд хогийг өөрийг нь үнэд хүргэх. Дараа нь хогийн менежментийг хувийн хэвшилд шилжүүлэх, хогоор мөнгө олж болох зохицуулалтыг хийж байж бид хогоо Мөнгө болгож харна. Түүнээс биш 10 торх хогондоо 1000 төгрөг төлчихөөд 2-3 сард ганц удаа ачуулаад, ачуулахын хооронд гудамжныхаа гадаа 7 хоног нохой, шувууны хоол болгож тараагаад эцэст нь ХТГ-ынхан ирэхээр “удлаа” гэж загнах нь өөрөө зөв менежмент биш юм. Иймд долоон төрлийн хогийг өдөр өдрөөр ангилан худалдаж авах хувийн хэвшлийг орон нутгийн бодлогын хүрээнд дэмжих, ийм төрлийн бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд урт хугацаатай бага хүүтэй зээл олгох, газраар дэмжих, татварын урамшууллын систем нэвтрүүлэх,  техник, тоног төхөөрөмжөөр хангаж байж таван сая шоо метр хог миний бас таны цалин болж ирэх юм. Шуудхан хэлэхэд Монголчуудын “халамжийн сэтгэлгээ”-г хогийг цэгээс нь  харж болно. Төрөөр, хэн нэгнээр тэжээлгэж буй  хүн мөнгөний үнэ цэнийг мэддэггүйтэй адил
хогийг "үйлдвэрлэхдээ" ч хаяхдаа ч сэтгэл огт зовдоггүй аж. Иймд  үнэ цэнэгүй олдсон мөнгө хогийн цэгийг нэмэгдүүлдэг гэдгийг бид хүлээн зөвшөөрч төр халамжаа багасгаж хөдөлмөрийг дэмжих хэрэгтэй санагдана. Өөрөөр хэлбэл хог бол Баялаг гэдгийг төр өөрөө эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй .Үүний дагуу хог ангилах, хог цуглуулах, хог хуримтлуулах, хог боловсруулах гээд хогтой холбоотой бүх шат дамжлагыг ажлын байр болгох хэрэгтэй юм. 
 

Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻