Төрийн албан хаагчид 300 мянган төгрөг олгох эсэхийг өнөөдөр эцэслэн шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-27 10:42:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 
Өөрөөр хэлбэл, чуулганы өчигдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг баталсан. Тодотгол батлагдсантай холбогдуулж УИХ-ын холбогдох тогтоолын төслийг батлах шаардлага үүссэн юм. Уг тогтоолд, “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай заалтыг тусгаад буй. 
 
Ингээд 2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийг ажлын үр дүнгийн урамшуулал олгох эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжив.

Үүгээр энэ асуудал чуулганы хуралдаанд орж ирж байгаа бөгөөд эл заалт өнөөдөртөө эцэслэн батлагдах юм.
Б.Туул
相关新闻