Олон улсын стандартчиллын “Афнор” групп Монголд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-26 17:56:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 100 гаруй оронд 68 мянга гаруй харилцагчтай стандартчилал, баталгаажуулалтын “Афнор” групп өнөөдөр Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээлээ.

БНФУ-ын энэхүү компани 1926 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Олон улсын стандартын байгууллага (ISO)-г үүсгэн байгуулагчдын нэг юм. Баталгаажуулалтын үнэлгээ, стандартчилал батлах, түгээх болон орон орны аудиторуудыг бэлтгэдэг энэхүү байгууллага Монголд үйл ажиллагаа явуулснаар дотоодын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын стандартын дагуу баталгаажуулах боломж бүрдэх юм. Мөн стандартчиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд аудиторуудаа тус байгууллагад сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж буйгаа “Монсертф” компанийн Ерөнхий захирал Г.Бүлгүүн төлөөлөгчийн газрын нээлтийн үеэр онцлов.

“Монсертф” компани нь "Афнор" компанитай гэрээ байгуулсөн бөгөөд Монгол  Улс дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг дэмжин ажиллах юм. Тус байгууллага Монголын таван мэргэжилтнийгАфнор группын сургалтад хамруулсан байна. Мөн “Бодь Даатгал”, “Блумберг ТВ Монгол” болон “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” зэрэг таван компанид чанарын менежмэнтийн тогтолцооны 9001:2015 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулж, Афнор группын нэрийн өмнөөс гэрчилгээ гардуулжээ.

Мөн үеэр БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, “Стандартчилал нь бүтээгдэхүүн үйлчилгээны чанар, аюулгүй байдлын баталгаа юм. Бүтээгдэхүүн үйлчилгээ баталгаатай байна гэдэг нь хэрэглэгч сэтгэл хангалуун байх үндэс. Миний бие Монголд ирээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд уулзсан хүн бүрээсээ “Монголын эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй” гэсэн үгийг сонсож ирсэн. "Афнор" зэрэг нэр хүндтэй группээс олон улсын стандартад нийцснийг нотлох гэрчилгээ авна гэдэг нь дотоодын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ экспортолж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөд нэг алхам ойртоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олон улсын стандартын гэрчилгээг эзэмшиж эхэлсэн албан байгууллагууд Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻