Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулсан спортын дөрвөн төрөлт тэмцээн болж өндөрлөлөө.
Шатар, теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрөл бүхий тус тэмцээнд 19 сумын ИТХ, ЗДТГ-ын 587 ажилтан оролцож, хурд хүч, авъяас чадвараа дайчлан өрсөлдсөн юм.
Орон нутагт ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагааг хамтатган Нутгийн өөрөө удирдах ёс хэмээн авч үздэг ч тус тусын бие даасан байдлаар тодорхой заагтай байдаг. Энэхүү тэмцээн нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг бататгаж, ойр дотно байх бололцоог бүрдүүлж өгч байна гэдгийг тэмцээнд оролцогчид хэлж байв. Мөн нутгийн удирдлагын байгууллагын ажилтан, албан хаагчид сүүлийн хэдэн жилд ийм өргөн бүрэлдэхүүнээр тэмцээнд оролцож байсангүй, энэ удаагийн тэмцээн тун өрсөлдөөнтэй болжээ.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж тэмцээний нээлтийн үеэр “Чөлөөт цагаа нэг удаа ч гэсэн спортод зориулж, спортоор нөхөрлөж байгаа нь чухал. Мөн сумдын төлөөлөгчид хоорондоо танилцах, туршлага солилцох, НӨУБ-ын хамтын ажиллагаа сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой” хэмээн онцлов.
Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, багийн дүнгээр тэргүүн байранд Арвайхээр сум, дэд байранд Хархорин сум, гутгаар байранд Төгрөг сумын баг, тамирчид тус тус шалгарлаа.
Энэ жил Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой тохиож байна. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан шинэ Үндсэн хуульд "Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” хэмээн тодорхойлсноор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) гэдэг байгууллага бий болж, 25 жилийг өнгөрүүлээд байна.
Өвөрхангай аймгийн ИТХ-аас ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ном гаргах, уралдаан тэмцээн зохион байгуулах, уулзалт зөвлөлгөөн хийх зэрэг олон ажлыг төлөвлөж хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Өвөрхангай аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 1992 оны есдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, 58 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын Хоёрдугаар хуралдаанаар Уянга сумын гурван төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, ингэснээр аймгийн ИТХ нийт 61 төлөөлөгчтэйгээр байгуулагдаж байжээ.
Анхдугаар хуралдааны даргаар Бүрд сумын Ардын хурлын Тэргүүлэгчдийн дарга, төлөөлөгч С.Уртнасан, нарийн бичгийн даргаар Хайрхандулаан сумын 10 жилийн сургуулийн багш, төлөөлөгч Т.Батдэлгэр нар сонгогдон хуралдааныг удирдаж байв. Тус хуралдаанаас аймгийн Засаг даргаар С.Жанцандоржийг нэр дэвшүүлсэн байна.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас 25 жилийн хугацаанд долоон удаагийн сонгуулийн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд 2016 оны Орон нутгийн сонгуулиар МАН 38, АН гурван суудал авч, 41 төлөөлөгч, Ажлын албаны 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Б.Батчимэг