Эмч, эмнэлгийн ажилчид амралтын өдрүүдээ спортлог арга хэмжээнд зориулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-25 01:50:40
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчид амралтын өдрүүдээ спортлог арга хэмжээнд зориулжээ.
Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбараас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан байна. Энэхүү аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас хүн амын дунд халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, идэвхитэй хөдөлгөөний зөв хандлага, дадлыг төлөвшүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хөдөлгөөн ба Эрүүл мэнд” нэг сарын аяныг “Эрүүл зөв дадал хэвшилтэй эмч, эмнэлгийн ажилтан” гэсэн сэдвийн дор өрнүүлжээ. 
Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од:-“Өнөөдөр Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 1200 гаруй ажилтан албан хаагчид ажиллаж байгаа. Тэдгээрийн төлөөлөл болсон 150 гаруй эмч, эмнэлгийн ажилчид энэ арга хэмжээнд 10 баг болж авъяас чадвар, хурд хүчээ сорин өрсөлдлөө” хэмээлээ. Тус тэмцээн хоёр өдөр үргэлжилж аваргуудаа тодруулсан байна. Ингээд сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй холимог 10 баг өрсөлдсөнөөс эхний байранд Сүхбаатар сумын Өрхийн Эрүүл мэндийн төв шалгарч, удаах байруудад аймгийн ЭМГ-ын баг, гуравт Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн баг тамирчид тус тус шалгарчээ. Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй багууд тус тусдаа тоглож өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байранд аймгийн ЭМГ, удаах байрт аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг, гутгаар байрт Хөтөл бүсийн баг тус тус шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Хөтөл Сум дундын Нэгдсэн Эмнэлэг түрүүлж, Мандал сумын Нэгдсэн Эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэг удаалсан байна. Багийн нийлбэр оноогоор аймгийн ЭМГ манлайлж, аймгийн НЭ, Мандал сумын НЭ-ийн баг тамирчид тус тус шалгарч 2017 оны аваргууд болжээ. 
Ч.Отгонцэцэг
 
相关新闻