“Сүрьеэгүй-Сэлэнгэ” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн сургалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2020 он гэхэд сүрьеэгүй аймаг болох өндөр зорилт тавин, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. “Сүрьеэгүй-Сэлэнгэ” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор сүрьеэгийн чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэгийг бататгах, мөн хоорондын уялдаа холбоогоо сайжруулахад чиглэсэн сургалтыг аймгийн ЭМГ-т зохион байгууллаа.
2017 онд Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах тухай үндэсний хөтөлбөрт сүрьеэ өвчний нас баралт болон тархалтыг тодорхой хувиар бууруулна гэж заасан байдаг байна. Тэгвэл яг түүнтэй адил Сэлэнгэ аймаг ч гэсэн 2020 он гэхэд сүрьеэгийн өвчлөл, тархалтгүй аймаг болох зорилт дэвшүүлж, “Сүрьеэгүй-Сэлэнгэ” хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулан ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр нийтийг хамарсан олон ажлуудыг үр дүнтэй зохион байгуулсан байна. Үүний нэг илрэл нь Сэлэнгэ аймгийн эмч, мэргэжилтнүүд тандалт судалгааны ажлыг аймгийнхаа нийт есөн суманд явуулж эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулжээ. Цаашид ч гэсэн бусад сумдад энэ ажлыг ээлж дараалалтай зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Ч.Отгонцэцэг
Энэ удаагийн сургалтын чиглүүлэгч багшаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгаа хариуцсан их эмч Янжиндулам урилгаар ажиллаж, сүрьеэ өвчний талаар шинэ мэдээ, мэдээлэл өгч, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Ч.Отгонцэцэг