Футзалын хөлбөмбөгийн улирлын нэгдсэн хуваарь гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-24 15:35:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ноос 2017-18 оны футзалын хөлбөмбөгийн улирлын нэгдсэн хуваарийг танилцуулав.

Хүйтний улирал эхлэж байгаа энэ үеэр манай хөлбөмбөгчид заалны буюу футзалын хөлбөмбөгийн тэмцээнүүдээ зохион байгуулдаг уламжлалтай. Футзалын улирлын тэмцээний хамгийн эхнийх нь 11 дүгээр сарын 11-ний өдөр футзалын УАШТ-ээр эхлэх юм. Тус тэмцээнд эхний 9 байр эзэлсэн баг энэ улирлаас шинээр зохион явуулах “Футзалын нэгдүгээр Лиг”-т өрсөлдөх эрхтэй болно.

Харин “Пепси Лиг” 11 дүгээр сарын 19-нөөс эхлэн долоо хоног бүрийн ням гарагт явагдана. Энэ жилийн “Пепси Лиг”-ийн онцлог нь багууд анх удаа хоёр тойрог өрсөлдөж, гуравдугаар сарын 31-ний өдөр өндөрлөнө. Улмаар “Пепси Лиг”, “Футзалын Нэгдүгээр Лиг”-ийн хооронд багууд дээш дэвшиж, доош унах систем бүрэлдэх юм. Мөн 16, 19 насны лигүүд долоо хоног бүрийн баасан, бямба гарагуудад зохион байгуулж байхаар болжээ.

Харин бусад УАШТ-үүд ахмад, насанд хүрэгчид, хөвгүүдийн 19, 16, 14, 12, 10, охидын 16, 14, 12, 10 гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Хөвгүүдийн 16 насны футзалын УАШТ нь нийслэл болон хөдөө орон нутагт гэсэн хоёр төрлөөр явагдана. Энэ тэмцээнд эхний 10 байр эзэлсэн баг “U16 Футзалын Лиг”-т өрсөлдөх эрхтэй болох юм.

Д.Өлзий
相关新闻