Хууль бусаар алт олборлож байгаа иргэдийн техникийг хураана гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2017-10-23 16:30:53
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож, байгаль орчныг сүйтгэж байгаа тохиолдтой хатуу тэмцэнэ гэдгээ аймгийн Засаг дарга Ш.Оргил  мэдэгдлээ.

Энэ 2017 онд Сэлэнгэ аймгийн ялангуяа Ерөө сум, Бугант тосгон, Хүдэр, Орхонтуул, Баянгол сумдад хувиараа алт олборлох, том техник оруулан ирж хууль бусаар газар ухах, байгаль дэлхийгээ сүйтгэж байгаа үзэгдэл их гарч байгаа аж. Энэ асуудал дээр аймаг орон нутгийн зүгээс хууль хүчний байгууллагууд Цагдаа, МХГ, Тагнууулын газартайгаа хамтран үзлэг шалгалтуудыг хэд хэдэн удаа явуулсан байна. Тухайлбал эдгээр байгууллагууд хамтран “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох” чиглэлээр 8 удаа хамтарсан шалгалтыг зохион байгуулж үр дүнг нь тооцон ажиллан байна. Ерөө сумын нутаг дахь “Ялбаг”, “Ногоон даваа” гэсэн газруудад 2017.05.08-ны өдрөөс 10-р сарын 20-ны хугацаанд дээрх хууль хяналтын байгууллагуудаас хамтарсан хяналтын цэг, постуудыг тогтмол ажиллуулж байнгын хяналт тавьж, үүрэг чиглэл өгч, нөхцөл байдалтай танилцан ажилласан аж. Энэхүү хяналт шалгалтын хүрээнд сайн үр дагавар байгаа хэдий ч хэрэгжихгүй сөрөг асуудлууд маш их гарч байгааг аймгийн дарга онцоллоо. Аймгийн Засаг дарга өөрийн биеэр хууль, хяналтын байгууллагуудын дарга нарыг дагуулан тухайн газруудад очиж ажиллахад үнэхээр нөхцөл байдал хүнд байгааг өөрийн нүдээр харсан байна. Үүнийгээ Засгийн газрын өргөтгөсөн хурал дээр хэлж анхааруулж ярьсан гэлээ. Яам, тамгын газрууд гаргасан тогтоол, шийдвэр, журмууд дээрээ яг л нэг бодлоготой байхгүй бол өнөөдөр Сэлэнгэ аймагт ажил явахгүй байна гэдгийг мэдээллийн үеэрээ аймгийн Засаг дарга онцгойлон хэллээ. Ямар нэгэн байдлаар шалгалт хийхээр аймгаас очиход аль хэдүйн мэдээлэл хүрсэн байдаг бөгөөд цагдаа, тагнуул мэргэжлийн хяналт, байгаль орчныхон очихоор техник хэрэглэлээ мод руу оруулж нуучихаад, зугтдаг байна. Ялангуяа Сэлэнгэ аймгийн “Алт-2” хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэд. Тэд эрхийнхээ дагуу орхиод зугтсан техникээс нь ямар нэг эд ангийг салгаж аваад явдаг ч зөрүүлээд авчирч хийгээд ажиллууллаг аж. Аймгийн МХГ-аас төлөвлөөний дагуу ашигт малтмалын хууль бус ашиглалт, олборлолтын зөрчийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр МХЕГ-аас ирүүлсэн тоот захирамж болон аймгийн МХГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу нэлээд хэдэн ажлуудыг хийсэн байна. Үүгээр хууль бус алт олборлолттой холбоотой 20 гаруй зөрчил илрүүлж, үүнээс гурвыг нь газар дээр нь арилгуулж, 13 зөрчийг зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдэж, 7 зөрчлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар прокурорт шилжүүлжээ. Шалгалтын явцад зөрчил гаргасан нийт  20 сая 500 мянган төгрөгийн торгууль, 25 сая 700 төгрөгийн нөхөн торгууль ногдуулж зөрчил гаргагчдаас хууль бус үйл ажиллагаандаа ашигласан техникийн эд ангиудыг хурааж авчээ.
Иймээс аймгийн Засаг дарга техник тоног төхөөрөмжөө түрээслүүлж байгаа хүмүүст зориуд анхааруулга өгч байна. Тэрээр:” Зөрчлийн тухай хуулийн 10.7.1-д газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах гэж заасан байгаа. Мөн эрүүгийн хуулийн 24.2.1-д тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, хууль бусаар газрын хэвлийд халдсан бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний хүртэлх төгрөгөөр торгох эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ хэвлэлийнхдээ өгч буй мэдээлэлд хууль бус алт олборлож, байгаль орчныг сүйтгэж байгаа нөхдүүдэд бидний дараагийн авах арга хэмжээ бол тэдний модон дунд орхиод нуугаад явсан техникийг шууд хурааж улсын орлого болгоно гэдгийг хатуу анхааруулья. Иймээс түрээсэлж байгаа хувь хүн, компаниуд болгоомжтой хандаарай. Бид 2018 оны төсөв дээрээ гарах хөрөнгийг суутгаж ажиллана. Иймээс аймаг орон нутаг өөрсдөө арга хэмжээгээ хатуу авна гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Бид маш их санаа зовнин ажиллаж байгаа. Тэр хууль бус үйлдэл хийж байгаа нөхдийг зураг хөрөгтэй нь цахим ертөнцөөр нийтэд харуулах болно. Хууль бус алт олборлогчидтой тэмцэхэд хэвлэл мэдээллийнхэн та бүхэн бидэндтэй хамтарч оролцохыг уриалж байна” гэлээ.
Ч.Отгонцэцэг              
相关新闻