Дөргөн суманд худаг усны хүрэлцээ муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-10-23 13:38:49
Ховд/МОНЦАМЭ/ Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах Засгийн газрын 186 тоот тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын  05,О6, 07 тоот албан даалгавруудын  биелэлтийг шалгах, малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг судалж, цаашид анхаарах ажлын  төлөвлөгөөндөө тусгах зорилгоор   Ховд аймгийн удирдлагууд хөдөө  сумдад ажиллаа.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди,” Тогтвортой амьжиргаа-3” төслийн менежер Ж.Батсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг Дөргөн, Чандмань сумдад ажиллаа. Ажлын хэсгийнхэн  Дөргөн  сум болон  малчид нь хувийн  өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангасан, намаржилт ямар байгаатай газар дээр нь танилцлаа.
Урьд жилүүдийг бодвол тус сумын нутаг гантай, өвс ургамал муутай учраас малчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан бага ч гэсэн өвс хадлангаа бэлтгээд одоо өөр багийн, өөр аймгийн өөр сумын нутаг дамжин оторлож, намаржиж байгаа гэнэ.
Малчид өвс ургамал хаана байгааг хайж бэлчээр дагаж 5-6 хоноод л нүүдэл хийж байгаа гэдгээ танилцуулж, өнгөрсөн зун хур чийг муутай байснаас шалтгаалан бас худаг усны хүрэлцээ муу байгааг малчид ярьж байна.
Мал аж ахуйн дөрвөн багтай Дөргөн сумын хувьд ирэх өвөл сумын дүнгээр 169.0 мянган толгой мал өвөлжихөөр байна. Сумын удирдлагуудын танилцуулсанаар  сумын дүнгээр 1222 тн өвс, 202  тн гар тэжээл, 321 тн хужир шүүг бэлтгэжээ. Харин сумын аюулгүй нөөцөд 50 тн өвс бэлтгэх ажил 100 хувь хийгдсэн бол, 30 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэх ажил хийгдээгүй байна. Гэвч 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 89,3 хувьтай хангагдаад байна.
А.Бямбасүрэн 
相关新闻