“Хөдөө нуур” нэртэй засмал замд анхаарал төвлөрүүлэгч хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-10-23 13:18:36
Ховд/МОНЦАМЭ/ Улсын болон орон нутгийн чанартай авто замуудад  гарч буй  зам тээврийн  осол хэргийг  бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд дөрвөн сарын хугацаатай зохион байгуулсан  “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян саяхан өндөрлөлөө.
Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг  “Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл” аяныг  аймгийн хэмжээнд энэ оны 6 дугаар сарын  16-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр  хүртэлх  хугацаанд    зохион байгуулсан юм.
Тус  арга хэмжээний үеэр жолооч нар  “Таны  хайртай  хүмүүс энд байгаа”, “жолоо барьж  байхдаа гар утас хэрэглэх нь аюул дагуулна”, “хурдаа хас”  гэх мэт  наалтуудыг тээврийн хэрэгслийн  гадна  болон  дотор  талд нааж мэдээлэл хүргэжээ. Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн албан хаагчид  аймгийн  хэмжээнд  зам  тээврийн осол зөрчилөөс  урьдчилан сэргийлэх  чиглэлээр  нийт 6 төрлийн  1200 ширхэг санамж, сэрэмжлүүлэгийг тарааж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа  дараа мэдээлэл хийж,  ард иргэдэд анхааруулга, зөвлөмж өгч ажиллаа.
Түүнчлэн  Ховд  АЗЗА ТӨХК-тай хамтран орон нутгийн болон улсын  чанартай авто замууд төдийгүй  Зэрэг,  Дарви, Булган, Улаангомын чиглэлийн авто замуудын  замын  тэмдэг,  тэмдэглэгээг  засварлаж, шинээр  300 ширхэг тэмдэг суурилуулсан байна. Мөн Үенч сумын төвд  авто замын дөрвөн  камер  байршуулж,  зам  тээврийн осол түгээмэл гардаг Зэрэг сумын “Хөдөө нуур” гэх газрын засмал зам дээр анхаарал  төвлөрүүлэгчийг хийж хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангуулан зам тээврийн ослоос  урьдчилан сэргийлж ажилласан байна.
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны үргэлжлэх хугацаанд 9850 тээврийн хэрэгслийг шалгаж, 2228 зөрчил илрүүлснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 125 зөрчил илэрсэн байна. Мөн жолооны эрхийн үнэмлэхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 7-30 хүртэлх хоногоор баривчлах шийд гаргаж, 118 жолоочид мөнгөн дүнгийн  торгууль  оногдуулжээ.
А.Бямбасүрэн
相关新闻