Архивын ховор сан хөмрөгт Цэцэн Сартуулын хошууны хүн амын данс хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-22 17:38:31
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1957 оны 10-р сарын 07 ны өдрийн 73-р захирамжаар “Улсын архив” нэртэйгээр архивын байгууллага байгуулагдаж байжээ. Улмаар 1957 -1998 онд Улсын архив, 1998-2006 онд Архивын тасаг /Засгийн газрын 124 дүгээр тогтоолоор/, 2007-2008 онд Архивын алба /Засгийн газрын   2007.01.24 № 25 тогтоолоор/, 2008 оноос одоог хүртэл Архивын тасаг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Өдгөө Завхан аймгийн Төрийн архив нь, төр захиргааны болон төсвийн 187 байгууллага, аж ахуйн нэгж, компануудын албан хэрэг хөтлөлт, архивын ажилтнууд болон төрийн алба хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангаж, Төрийн архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хосгүй үнэт, үнэт баримтаар нөхөн бүрдүүлэх, дахин боловсруулалт, нягтлан шалгалт хийж жилд 14-45 хөмрөгийн архивын баримтаар баяжилт хийж ажиллаж байна. Ийнхүү 60 жилийн түүхэн ойтойгоо золгож хийсэн бүтээснээ дүгнэж цэгнэж буй аймгийн Төрийн Архивын тасгийн дарга Ш.Даваадэмбэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу? Монгол Улсад орчин цагийн Архивын салбар үүсч хөгжсөний 90 жил, Завхан аймагт архивын салбар үүссэний 60 жилийн ой тохиож байна? Аймгийн Архивын тасгийн түүхээс яриагаа эхлэх үү?
-Завхан аймагт Архивын салбар 1957 онд үүсэн байгуулагдсан. 1957 онд архивын эхлэл суурь тавигдсанаар архивын эрхлэгчээр Пүрэв хэмээх хүнийг томилж, аймгийн гүцэтгэх захиргааны гишүүдийн хурлаар хэлэлцэж, төлөвлөгөө гарган бүх сум, байгууллага бүр өөрт хадгалагдаж байгаа баримт бичгийг архивын дүрмийн дагуу хамгаалж, эмхлэн цэгцлэх ажлуудыг ээлж дараатай хийлгэж, аймгийн захиргаанаас дөрвөн тасалгаатай 140м2 талбай бүхий байртай болгож архивын сан хөмрөгийг төвлөрүүлж тогтмол үйл ажиллагаатай болсон байдаг.
Улмаар 1985-1987 онд улсын архивын байрыг өргөжүүлэн шинэ байранд шилжүүлэн тавиур, чийгшүүлэх сав зэрэг тоног төхөөрөмжтэй болж хадгалалт хамгаалалт эмх цэгц зохион байгуулалтыг сайжруулж архивын сахиултай болж, архивын баримтанд үзлэг хийж, бичиг хэргийн ажлыг боловсронгуй болгох, зохион байгуулалт, захирамжлалын улсын стандартыг хэрэгжүүлэх, архивын баримт материалыг бүрдүүлэх талаар албан хаагчдад семинар зөвлөгөө өгч, баримт бичиг магадлан шалгах аймгийн комиссыг шинэчлэн байгуулж, архивт паспорт хөтлүүлэх, түүхэн лавлагаатай болгох, фондын жагсаалт, карт, хуудас, хадгаламжийн нэгжийн данс бүртгэлийг төрөлжүүлж хувийн хэргийн хавтас нээж, бүх бичээч нарыг аттестатчлалд хамруулж байсан. Харин аймгийн Төрийн архивын тасаг нь өнөөдөр төрөөс архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, нутгийн захиргааны болон төрийн өмчит байгууллагуудын архивын баримтаар сан хөмрөгөө нөхөн баяжуулж, тэдгээрийг найдвартай хадгалж хамгаалах, архивын мэдээллээр байгууллага, иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Тухайлбал аймгийн Засаг даргын 2004-2008, 2008-2012, 2012-2016, 2016-2020 онуудын мөрийн хөтөлбөр, жил бүрийн аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Төрийн архивын хадгалалт хамгаалалтын нөхцлийг хангах, архивын зориулалтын байрны асуудлыг судлан шийдвэрлэх, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах” гэсэн зорилтыг тусгаж 2007 онд  Засаг даргын захирамжаар газар олголтыг шийдвэрлүүлж, зураг төслийн ажлыг хийлгэсэн явж байна.
-Архивын баримт гэдэг хадгалалт хамгаалалтын өндөр горимтой байдаг байх?
-Тиймээ. Архивын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар түүх соёлын дурсгалт зүйл болох архивын баримт эх сурвалжийг хамгаалах, архивын баримтын аюулгүй байдлын баталгааг бий болгох, баримт хадгалах тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх, хадгаламжийн сангийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг дагаж мөрдөх, хими, физик техникийн шинж чанарыг шалгах, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах зорилтын хүрээнд олон ажил хийсэн байгаа. Тухайлбал 2007-2017 онд баримт хадгалах 67 секц нягтруулсан шүүгээ, 40 ширхэг төмөр тавиур, чийг дулаан хэмжигч, чийгшүүлэгч, галын булан, сейф, файлийн шүүгээ, зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, цахим мэдээллийн сан бүхий сервер, компьютер, скайнер, принтер, канон, тог баригч зэрэг техник хэрэгсэлтэй болсон байгаа. 2009 онд аймгийн Нутгийн захиргааны ордон шинээр баригдаж ашиглалтанд орсоноор архивын сан хөмрөгийг 164 м2 бүхий хоёр өрөөг архивын зориулалтаар тохижуулан тоноглож, хадгалалт хамгаалалтыг сайжруулах талаар жил бүр төлөвлөн ажиллаж байна.  Одоо Төрийн Архивын тасаг нь үндсэн гурван орон тоотой ажиллаж,  Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор төрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг мэдээллийн технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийн дагуу, Архивын ерөнхий газрын бодлого шийдвэрийн дагуу  2011 онд таван ажилтныг гэрээтээр ажиллуулж архивын баримт, тоо бүртгэлийн баримт бичгийг программд оруулж,  цахим мэдээллийн сан үүсгэж, нийт хөмрөгийн 44 хувь нь цахим мэдээллийн санд орсон байна.
-Танай Архивын сан хөмрөгт нийт хэчнээн баримтыг хадгалж байгаа вэ?
-Манай архивын сан хөмрөгт 1925-2010 оны 288 хөмрөг үссгэгчийн 42866 цаасан суурьтай хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байна. Үүнд цаасан суурьтай 42460, дүрс бичлэгийн 30, гэрэл зургийн 376 баримт хадгалагдаж байна. Ер нь Төрийн архивын байнгын хадгалалтад баримт шилжүүлэх ажлын үндсэн арга  ажиллагаа нь “Эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажил байдаг. Тиймээс архив бичиг хэргийн ажилтнууд болон Төрийн архивын архивч операторч нар жилд 4000-6000 гаруй хадгаламжийн нэгж баримтанд нягтлан шалгалт, дахин боловсруулалт, эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажлыг хийж байгаа. Бид өнөөдрийг хүртэл Архивын тухай хууль, архивын баримт ашиглалтын нийтлэг журмын дагуу Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа  баримтыг байгууллага, иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангах, шинжлэх ухаан нийгэм танин мэдэхүйн зорилгоор эрдэм шинжилгээ судалгааны ажилд, сургалт сурталчилгаа явуулах, хэвлэл мэдээллээр сурталчлах, хэвлэн нийтлэх, үзэсгэлэн гаргах, байгууллага, иргэдэд  лавлагаа, хуулбар олгох зэргээр ашиглуулж төрийн үйлчилгээг үзүүлж ирсэн байгаа.  Цаашид бид Төрийн архивын баримтын хадгалалт хамгаалалтын нөхцлийг сайжруулах шат дараатай арга хэмжээ авч зориулалтын байртай болохоор зорьж байна. Мөн архивын хөмрөг үүсгэгч байгууллагуудаас хуулийн хугацаанд архив зүйн үүднээс эмхлэн цэгцлэгдсэн бүрэн бүрдэл бүхий, батлагдсан данс бүртгэлтэй баримтыг Төрийн архивын байнгын хадгалалтад цаасан болон цахим хэлбэрээр нөхөн бүрдүүлэлт хийх, архивын баримтын тоо бүртгэлийг бүрэн зөв хөтлөх, баримтын эрэлт хайлтыг сайжруулахад анхаарч, мэдээллийн технологи, техник хэрэгслийг ашиглан, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана.
-Нийт хөмрөгийн 44 хувь нь цахим бүртгэлийн системд орсон гэлээ. Архивын сан хөмрөг цахимжсан давуу тал нь юу юм бол?
-Тиймээ 2011 оноос архивын баримтыг тоон системд оруулах үндэсний хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. 2011 оноос эхлэн манай тасаг сан хөмрөгийн мэдээллийг цахимжуулах, нэгдсэн бүртгэлийг хийж эхэлж байгаа. Сан хөмрөгийн 40 гаруй хувь нь үндсэндээ цахимжсан. Архивын баримт цахимжсанаар иргэдэд үйлчлэх үйлчилгээ маш хурдан шуурхай болж байна. Нэг иргэний хүсэлтийг өдөрт нь шийдвэрлээд гаргадаг болсон. Одоо өдөрт дундажаар 10-15 хүний хүсэлт захиалгыг хүлээн авч өдөртөө багтааж шийдвэрлэдэг болж архивын үйлчилгээ маш хурдан шуурхай болсон.  Ер нь бол архивын баримт маань жил ахих тусам үнэ цэнэ нь нэмэгдэж, нийгмийн хэрэгцээнд ч гэсэн нотлох гэрчлэх зорилгоор ашиглагддаг болсон.
-60 жилийн ойн үеэр архивчдад зориулсан ямар үйл ажиллагааг зохион байгуулав? 
-Бид түүхэн 60 жилийн ойгоо угтаж аймгийн хэмжээнд архив албан хэрэг хөтлөлтийг явуулж буй 170 гаруй байгууллага аж ахуй нэгжүүдэд ажиллаж байгаа архивчдынхаа дунд ажил мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа.  Энэ бол ажил мэргэжлийн уралдаан гэхээсээ илүүтэй архив, бичиг хэргийн ажилтнуудад дадлага туршлага болохуйц мэдлэг олгох сургалт, уралдаан боллоо. Уралдаанд манай байгууллагуудын 60 гаруй архив бичиг хэргийн ажилтнууд хамрагдлаа. Уралдаан маань дөрвөн үе шаттай явагдсан.  Архив бичиг хэргийн ажилтны ерөнхий  мэдлэгийг сорилоор аваад, цахим баримтыг хэрхэн яаж бэлтгэж байгаа, архивын баримтыг яаж эмхэлж цэгцэлж байна,  ямар алдаа дутагдал гаргаж байна гэхчлэн шалгаж мэдэхгүй үед нь зааж өгөх, дадлагажуулах чиглэлээр уралдаанаа явуулсан байгаа. Архивын ажилчид нормтой байдаг.  Нэг албан бичгийг хэдэн минутанд бүртгэж авах уу гээд бүгд нормчлогдсон байдаг. Энэ нормоо цаг хугацаандаа хийж чадаж байна уу? Нөгөө талаас бичиг хэргийн ажилтанаа дадлагжуулж туршлагажаасай гэсэндээ ажил мэргэжлийн уралдааныг зарласан юм.  Мөн үеэр уйгаржин монгол бичгийн чадварыг шалгасан манай бичиг хэргийн ажилчид их сайн оролцсон байгаа. Ер нь архивч гэлтгүй хүн болгон л Монгол бичгийг судалж сурах шаардлага тавигдаж байгаа. Албан хэрэг хөтлөлтийг заавал монгол бичгээр хөтөлнө гээд. Өнөөдөр журамлагдаагүй ч гэсэн Монгол бичгийн ур чадварыг шалгая гээд 10 минутын хөрвүүлэх даалгавар өгсөн. Ийм дөрвөн шаттайгаар ажил мэргэжлийн уралдааныг зарлаж явуулсан.
-Ойн үеэр архивчдынхаа ажлын ур чадвар, бүтээмжийг үнэлэх байх?
-60 жилийн ойтой холбогдуулаад нилээд олон архив бичиг хэргийн ажилтнууд маань шагнагдаж байгаа. Төрийн одон медаль, салбарын яамны шагналуудаар шагнагдахаар байгаа. Аймгийн архивын 60 жилийн ойд бид архивын ерөнхий газрын шагналаар 19 хүнийг шагнаж урамшууллаа. Тэргүүний архивч цол тэмдэгээр долоон хүн, архив бичиг хэргийн ажилтны ахлах зэргийг найман хүн авсан, Архивын ерөнхий газрын хүндэт өргөмжлөлөөр 9 хүн шагнагдаж байгаа. Салбарын шагналаар бас олон хүн шагнагдаж байгаа. Эдгээр шагналуудын заримыг нь Монгол улсад Архивын салбар үүсч хөгжсөний түүхэн 90 жилийн ойг тэмдэглэх үеэр гардуулах гэж байна. 
-Архивчид зэрэг авдаг гэлээ. Зэрэг авахын тулд архивч хүн юу хийх ёстой байдаг вэ?
-Архивчид зэрэг авахын тулд Архивын ерөнхий газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу зэрэг тогтоолгодог.  Энэхүү журмын шаардлагыг хангасан 10-аас дээш жил архивын салбарт архив бичиг хэргийн ажилтанаар ажилласан ийм хүнд зэргийг олгодог. Архив бичиг хэргийн ахлах зэрэг авсанаасаа хойш таван жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилтнуудад тэргүүлэх зэрэг олгодог. Энэ зэргүүд маань цалингийн хувиар сар бүр урамшууллаа авдаг. Тэргүүлэх зэрэг авсанаас хойш яг энэ салбартаа тасралтгүй таван жил ажилласан бол зөвлөх зэрэг олгодог. Манай аймагт өнөөдрийн байдлаар ахлах зэрэгтэй архивч нилээд олон бий 40 гаруй бий. Тэргүүлэх зэрэгтэй архивч 20-оод байна. Одоогоор зөвлөх зэрэгтэй архивч байхгүй байна. Зөвлөх зэрэг шалгуур өндөртэй байдаг. Зөвлөх зэргийн шалгалтыг Архивын ерөнхий газраас авдаг.
-Манай аймгийн архивын салбарын ажил улсдаа ямар түвшинд явж байна вэ?
-Манай аймгийн архив 1998 оноос өмнө улсдаа ажлаараа тийм ч дээгүүр явж байгаагүй юм билээ. 2000-2005 он хүртэл улсад 20 дотор явж байсан. Одоо бол эхний 10 дотор явж байгаа. Энэ бол манай архив бичиг хэргийн ажилтнуудын хичээл зүтгэл хөдөлмөрийн үр шим гэж үзэж байна. Манайх Архивын ерөнхий газар дээр жил бүр тайлан дүн шинжилгээгээ хийлгэдэг. Маш нарийн дүн шинжилгээг хийдэг. Бүх чиглэлээр нь мэдээлэл судалгаа аваад түүн дээрээ үнэлэлт дүгнэлт өгдөг. Мэдээлэл технологийн чиглэлээр засгийн газрын хэмжээнд аймаг бүрт тав таван гэрээт архивч авч байх үед  манайх улсад долоод ордог байсан. Одоо энэ эдийн засгийн хямралтай холбогдуулаад ч юм уу гэрээт архивч, операторчдын цалин хасагдсан учраас бид гурван орон тоотойгоор ажиллаж байна. Энэ жил гэхэд хоёр архивч, операторч ажиллаж байгаа. Орон нутагт хэдэн хүн ажиллаж байгаа вэ гэдгээс шалтгаалаад орон нутгийн цахимд оруулж байгаа мэдээллээр дүгнэж шалгуур гаргадаг юм. Орон тоо бага ачаалал ихтэй ажилладаг. Өнөөдрийн байдлаар Архивын үйл ажиллагаа улсад долдугаарт жагсаж байгаа.
-Олон ховор сан хөмрөг хадгалагдаж байгаа гэдгээр нь архивыг үнэлдэг үнэлгээ бий юу?
-Үүнийг нэг их үнэлдэггүй. Манай аймаг тулгуур дөрвөн аймгийн нэг учраас улсын хэмжээнд хадгаламжийн нэгж сан хөмрөгийн тоогоороо нилээн дээгүүр олон баримттай аймгийн тоонд ордог. Цаасан дээр бичигдсэнийг л архив гэж үздэг,  бусад зүйлийг архив гэж үздэггүй үе саяхан байлаа шүү дээ. Одоо бол цахим тээгч дээр байгаа, тусгай тээгч дээр байгаа  баримтуудыг сан хөмрөгтөө авахыг зорьж байгаа. Манай архивт 1980 оноос хойшхи дуу дүрс бичлэгийн баримтууд тусгай төрлийн баримтдаа ордог байгаа. Хувь хүний алдар гавъяа онцлох  хүн гэсэн баримтаар бол сан хөмрөг үүсгэх ёстой. Манай аймагт өнөөдрийн байдлаар хоёр хүний хувийн хөмрөг байна. Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч, судлаач П.Батсайхан гуайн хувийн хөмрөгийг үүсгэх гээд одоо материалаа бэлдээд явж байгаа. Тусгай төрлийн баримтууд гэхэд сүүлийн үеийн гэрэл зургаар тусгай баримт үүсгэх гээд нилээн баримттай болсон. Аймгийн 90 жилийн ойгоор манайх 200-аад гэрэл зургийн баримтаар үзэсгэлэн гаргасан. Одоо 60 жилийнхээ ойн хүрээнд бид  аймгийн вэб сайтад цахим үзэсгэлэн гаргаад явж байна. Манайд ховор нандин яг хосгүй үнэт гэж үнэлэгдээгүй боловч үнэтэйд тооцогдох баримт нилээд бий. Тухайлбал Цэцэн Сартуулын хошууны хүн амын данс манай нэгдүгээр хадгаламжын нэгжийн баримт болон хадгалагдаж байна. Энэ баримт маань үндэсний төв архивт байдаггүй манай аймагт л зөвхөн хоёр хувь байгаа. Муутуу цаасанд боогдсон үнэт баримт хадгалагдаж байна.  Судалгаа шинжилгээ хийх юм бол нилээн үнэтэйд тооцогдох баримтууд манайд олон байгаа. Танд баярлалаа.
Б.Мягмарсүрэн
相关新闻