Өвөрхангай аймаг 300 орчим өсвөрийн цагдаатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-21 12:11:24
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өсвөрийн цагдаа нар "Бие биенээсээ суралцаж хөгжье" чуулга уулзалтаа энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Чуулга уулзалтад Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 11 сургуулийн 60 гаруй сурагч оролцож, харилцан бие биенээсээ туршлага судалж, тулгамдаж буй асуудлаа тодорхойлон гарцыг хамтдаа эрэлхийлэв.
“Өсвөрийн цагдаа” бүлгэм нь Өвөрхангай аймагт гурван байгууллагын хамтарсан тушаалаар анх 2011 онд 60 орчим гишүүнтэйгээр байгуулагдаж, дүрмээ баталж байсан бол өдгөө сургууль бүрт 10 гишүүнтэй бүлгэм бий болж, 300 гаруй гишүүнтэй болоод байна.
“Өсвөрийн цагдаа” бүлгэмийн гишүүд нь сургуулийнхаа орчинд сурагчдын гэмт хэрэгт оролцох, өртөх байдалд хяналт тавьж, мэдээлэл цуглуулан хуулийн байгууллагад мэдэгдэх, тэдний үйлдлийг таслан зогсоох, хүмүүжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйг сурталчлах зорилготой ажиллаж, хуулийн байгууллага, багш, нийгмийн ажилтнуудад ихээхэн тус дэм болдог аж. Ерөнхий боловсролын сургуульд үе тэнгийн дарамт, шахалт, тамхи татах, хулгай хийх, РС тоглоомонд донтох зэрэг сөрөг үзэгдэл ихэсч байгаа нь өсвөрийн цагдаа нарын хийх ажлыг нэмэгдүүлж байгаа гэдгийг уулзалтын үеэр онцолж байв. Тэд сурагчдын дунд сургалт, сурталчилгаа явуулах, хууль тогтоомжийг сурталчилсан тэмцээн, уралдаан зохиох, уулзалт хийх, эргүүлд гарах зэргээр ажилладаг байна. Хүүхдүүдийн ёс зүйд багш, сурган хүмүүжүүлэгчид шаардлага тавихаас илүү хүүхэд хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх нь илүү үр дүнтэй байдаг гэдгийг нийгмийн ажилтнууд хэлж байлаа.
Б.Батчимэг
相关新闻