Баянтэс сумын иргэд өөрсдийн хандиваар цэцэрлэгийн шинэ барилга барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-20 23:02:02
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Баянтэс сумын цэцэрлэг өргөтгөлийн шинэ барилгаа ашиглалтад хүлээж авч хүүхдүүд тухтай орчинд хүмүүжих боломжтой боллоо. Энэ жил 54 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Баянтэс сумын хүүхдийн цэцэрлэг 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч барилгын багтаамжаасаа гурав дахин их буюу 150 орчим хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм.
15 жилийн өмнө аж ахуйн аргаар барьсан хуучин байр, хоёр монгол гэрт үйл ажиллагаагаа явуулж сургалтын орчин нөхцөл нэлээд тааруу байсан байна. Тиймээс сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхээс гадна тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор барилгын материалаа зээлээр авч энэхүү 100 м.кв,  50 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг 20,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр өөрсдөө барьж ашиглалтад оруулсан байна. Ингэснээр тус сумын хүүхдүүд дулаан, тохитой орчинд хичээллэж байгаа бол цэцэрлэгийн хувьд олон газар галлахгүйгээр түлш халаалтын зардлаа ч хэмнэх боломж бүрджээ.  Цэцэрлэгийн өргөтгөлийн шинэ барилгыг барихад эцэг эхчүүд, ард иргэдийн хандив туслалцаанаас гадна Орон нутгийн хөгжлийн сангаасаа хоёр сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Орон нутагт төсөв хөрөнгө байхгүй гээд гараа хумхиад суухгүй ийнхүү хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчинг сайжруулахын тулд өөрсдийн хүчээр шинэ байр барьсан сайн туршлагыг ийнхүү Баянтэс сум эхлүүлжээ. Энэ барилгыг тендер зарлаж бариулвал 50 орчим сая төгрөг зарцуулна. Тиймээс хөрөнгө мөнгийг орон нутагт нь шийдээд өгчихвөл хоёр дахин хямд өртгөөр барих боломжтой гэдгийг харуулж буй юм.
Дашрамд тус суманд цэцэрлэгийн насны 247 хүүхэд байдаг бөгөөд аймгийн 24 сумаас хүүхдийн тоогоороо нэлээд дээгүүрт ордог. Нэг хувийн цэцэрлэгт 50 хүүхэд суралцаж, сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт  83,4 хувьтай байсан бол цэцэрлэгийн өргөтгөл барьснаар хамран сургалт 0,9 хувиар нэмэгджээ.
Б.Мягмарсүрэн 
相关新闻