Б.Жавзандолгор: Мал, мах хямд, өвс тэжээлийн үнэ өндөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ өвөл өмнөх жилүүдээс цастай, хүйтэвтэр байх төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газар гаргаад байна. Ирэх сард нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар ахиу цас орох аж. Харин 12-р сард нутгийн хойд хэсгээр дундажаас 0,5 градусаар хүйтэн, ихэнх нутгаар ахиу цас орох төлөвтэй байна.
Энэ өвлийн өнгө хатуухан байж мэдэхээр байгаа нөхцөлд мал өвөлжүүлэх, хаваржуулах бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Жавзандолгороос тодрууллаа.
- Хадлан тэжээл бэлтгэлийн явц ямар байна?
-Энэ жил 3,4 сая толгой мал өвөлжүүлэхээр тооцоо гарч байгаа. Аймгийн дүнгээр 88,5 мянган тонн байгалийн хадлан, 1550 тонн гар тэжээл, 8290 тонн хужир шүү малчдын хүчээр бэлтгэнэ. Дээр нь сум бүр 100 тонн өвс, 30 тонн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөд 300 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэх Засгийн газрын шийдвэртэй. Хадлан бэлтгэлийн ажил малчдын түвшинд 53,8 хувьтай байна. Нийтдээ 54328 тонн хадлан, 936 тонн гар тэжээл, 3091 тонн давс хужир бэлтгэлээ.
Сумын аюулгүйн нөөцийн өвс тэжээл бэлтгэл 36,3 хувьтай, аймгийн нөөцийн газар 300 тонн өвс бэлтгэхээс 50 хувийг аваад байна.
- Малчид өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байна. Эдийн засгийн боломж хэр байгаа бол?
- Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж хүлээн авах ажлын хэсгийг ажиллуулж байна. Энэ ажлын хэсгээр дүгнэлтээр өвөлжилтийн бэлтгэлийн дүн гарна. Малчдын түвшинд өөрсдийн бололцоогоор мал, махаа борлуулаад өвс тэжээл худалдаж авч байна. “Малын үнэ хямд, өвсний үнэ өндөр байна” гээд малчид маань жаахан цаг алдах байдалтай байгаа. Өнгөрсөн долоо хоногт 6-7 сумаар ажиллахад ийм байдал ажиглагдсан. Аймгаас боломжоороо мал махаа борлуулаад өвөлжүүлж, хаваржуулах малдаа хүрэлцэхүйц хэмжээний өвс тэжээл бэлтгэх зөвлөмж өгч байгаа.
- Бог малын хээлтүүлгийн үе ирлээ. Энэ жилийн хувьд ямар бодлого, чиглэл баримталж байгаа вэ?
-Бог малын хээлтүүлгийн ажил эхэлж байна. Мэргэжлийн байгууллагын зүгээс тарга тэвээрэг сайтай, цөөн тооны хээлтэгч малыг сонгон хээлтүүлэгт оруулах чиглэлийг өгч байгаа. ХХААЯ-наас ч ийм чиглэл ирсэн.
Энэ жил цаг агаарын урьдчилсан төлөвөөр олон жилийн дунджаас ахиу ялангуяа 11, 12-р сард их цас орохоор байгаа. Үүнд бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын уриалга, зудыг хохирол багатай даван туулах талаар зөвлөмж, чиглэлийг гаргаж хүргүүлээд байна.
М.Батжаргал