Газар ашиглалтын нэгдсэн мэдээллийн сантай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 18:47:47
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 28-наас энэ сарын наймны өдрийн хооронд зохион байгуулагдсан “Ланд менежер” программын сургалтад 27 сумын газрын даамлууд хамрагдав.

2013 оноос хойш Газрын харилцаа, геодезийн газар жил бүр уг программын сургалтыг зохион байгуулж байна. Одоо хэрэглэгдэж байгаа кадастрын систем нь олон төрөл боловч орчин үеийн тоон технологийн шаардлагад нийцдэггүй. Иймд техник технологийн шинэчлэлийн хэрэгцээнд тохируулан бүтээгдсэн “Ланд менежер" программын сургалтыг явуулж байна гэж зохион байгуулагчид хэллээ.

Уг программыг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлснээр мэдээллийн нэгдсэн сантай болоод зогсохгүй иргэдэд үзүүлэх үйлчилгээ улам ойр болж, өмчилсөн, эзэмшсэн, ашигласан газрынхаа зураг, талбайн хэмжээ зэрэг бүх мэдээллийг нээлттэй ашиглах боломж бүрдэх юм. Ингэснээр иргэд суман дээрээ аймгийнхаа газрын бүх мэдээллийг авах, бүртгэл хийх бүрэн боломжтой гэж аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбат онцолсон юм. 

Тэрээр цааш хэлэхдээ, “уг программ сум, аймаг, улс гэсэн нэгдсэн дарааллаар сүлжээнд холбогдож байгаа бөгөөд олон бичгийн цаас үрэхгүй, цаг хэмнэсэн ажил болно” хэмээн нэмж тодотгосон юм.
 
Т.Төмөр
相关新闻