А.Түвшинжаргал:Энэ жил 10 гаруй тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-06 14:59:21
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын  орлогч Агваанчүлтэмийн Түвшинжаргалтай  цаг үеийн асуудлаар  ярилцлаа.
 
-Энэ жил хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаасаа дурдвал?
- Энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтын ажил харьцангуй багасч, нийт 10 гаруй тэрбум төгрөгийн ажил хийсэн.  Энэ ажлыг хийхдээ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүний хөгжил”-ийг гол баримтлал болгон ажиллаж байна. Бид гэр хорооллынхоо гэрэлтүүлэг, байшин хорооллын замын доторх гэрэлтүүлгийг иж бүрэн шинэчлэхээр зорьж байна. Манай хот 40 жилийн түүхтэй. Анх байгуулагдахдаа өндөр хүчдэл зарцуулдаг  улайсдаг ламп бүхий гэрлүүдтэй байсан. Эдгээрийг бид эдийн засгийн хэмнэлт гаргах, тусгалыг нь сайжруулах, насжилтыг нь уртасгах зорилгоор 380 орчим лед гэрлээр сольж, шинээр суурилуулах ажил хийгдэж байна. Үүнээс гадна иргэдийн саналыг үндэслэн “Явган зам” хөтөлбөрийг боловсруулаад, түүнийхээ хүрээнд 800 орчим сая төгрөгийн ажил хийлээ. Цаашдаа бид аймгийнхаа эрчим хүчний эх үүсвэрийг найдвартай хангахын тулд дахин нэг дэд станц барих асуудлыг судалж байна. Өнөөдөр зам, гүүр гээд хийх ёстой ажил олон байгаа ч Орхон аймагт эрчим хүч доголдож одоо ажиллаж станцад асуудал гарлаа гэхэд аймаг хэзээ цахилгаантай болох нь баталгаагүй. Тийм учраас энэ асуудлыг аймаг бодлогоор авч зохицуулаад, үерийн далан, дэд станцыг улсын төсвөөр хийлгэхээр хөөцөлдөж байна.  
-Өвөл хаяанд ирлээ. Орхон аймаг Улаанбаатараас дутахааргүй утаатай болж байна. Утааг багасгахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ ?
- Одоогийн байдлаар хэд хэдэн газарт цэвэр, бохир усны, дулааны шугам тавих асуудлыг шийдээд байна. Баянцагаан, Цагаанчулуут баг дээр тус бүр 40-50 айлыг  цэвэр, бохир усны, дулааны шугамд холболоо. Өнөөдрийн байдлаар 1.3 км цэвэр, бохир усны, дулааны шугамыг гэр хороолол дундуур татаад явж байна. Эдгээр ажил өртөг өндөртэй учраас тодорхой үе шаттай, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж хийхгүй бол улсын болон орон нутгийн төсөв хүрэлцэхгүй. Цаашдаа бид цэвэр, бохир усны, дулааны шугамаа хамтад нь татаад явах боломж бий. Тэгэхдээ яг цэвэр, бохир усны, дулааны шугам татаад гэр хорооллын гудамжинд  аваачихад тухайн иргэн тэр төв шугамнаас хашаа руугаа татах хөрөнгө байна уу гэдэг асуудал хүндрэлтэй байна. Манай аймагт өнөөдөр ашиглагдахгүй байгаа 200-300 метр цэвэр, бохир усны, дулааны шугам байна. Хийгээд ашиглахад бэлэн болчихсон, хэрэглэгч байхгүй. Хэрэглэгч хашаа руугаа төв цэвэр, бохир усны, дулааны шугамаас татаад авъя гэхээр 5-10 сая төгрөг шаардлагатай болдог. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг бодож, төлөвлөж байгаа. Мөн утааг бууруулахын тулд цахилгаан халаалт чухал. Манай аймаг хоёр дэд станцтай болоод эрчим хүчний найдвартай эх үүсвэрээ хангачих юм бол шалны халаалт зэргээр асуудлаа шийдчихэж болж байгаа юм. 
 
-Орхон аймгийн удирдлагууд 2020 он хүртэл баримтлах бодлогоо “Хүний хөгжил” –д чиглүүлсэн.  Энэ талаар хийж хэрэгжүүлсэн ажил болон үр дүнгийх нь талаар дурдвал?
- Энэ онд хүний хөгжилд чиглэсэн 18 дэд хөтөлбөр баталсан. “Эмч” дэд хөтөлбөр  асрагч, үйлчлэгч, эмч гээд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа  бүх хүнд зориулагдсан.  Хөтөлбөрийн эхний  үе шат энэ онд хэрэгжинэ.  Бид эмч нарын нийгмийн асуудалд анхаарч орон сууцны хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлэхээс гадна  мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, ажлын байран дээрээ сурч боловсрох нөхцөл боломжийг нь шийдэж  байна. Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. БОЭТ-ийн Мэс засал, гэмтлийн тасгийг бүрэн засч, Хүүхдийн эмнэлэг барьж байгаа гээд дурдвал олон. “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд эмч нарыг “Медипас” эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Өнгөрсөн жил манай аймагт олон улсын оношилгоо, эмчилгээний “Медипас” эмнэлэг ашиглалтад орсон. Үүнтэй гэрээ байгуулан эмч, багш, ахмадуудыг нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулж байгаа. Ер нь хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг Хүний хөгжлийн хамгийн чухал үзүүлэлт юм. Жишээ нь 40 мянган төгрөгийн үнэтэй шинжилгээний тавин хувийг орон нутгаас гаргаж байгаа гэсэн үг. Хүний эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа эмч нар өөрсдөө эрүүл саруул байж ар гэр нь ч тайван амгалан байх нөхцөл бүрдэх юм. Эцэстээ эрүүл хүний ажлын бүтээмж өндөр болж  ажилдаа хандах хандлага эерэг болно гэсэн үг. Харин “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд 24 багийг  төрийн 24 байгууллага,  “Эрдэнэт” үйлдвэрийн 24 цехтэй хамтран ажиллах, шефийн холбоог тогтоож тулгамдсан асуудлыг нь хамтдаа шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.  Уг хөтөлбөрийн хүрээнд 30 орчим сая төгрөг төсөвлөсөн.  Хөтөлбөр бүр дээр яриад байвал олон зүйл бий.
 
- Тэгвэл багш нарын  нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байна. Улс орон даяар багш нар ажил хаяж байна. Орхон аймаг багш нарт зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байх аа ?
- Багш нар оюуны өндөр ачаалалтай ажилладаг. Иймд тэдний эрүүл мэнд, боловсрол, ур чадвар, нийгмийн асуудалд нь анхаарах хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр орон нутгийн удирдлагын баг “Багш” дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажлаа ярихаас өмнө  боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг товч хэлье. Орон нутгийнхаа нөөц боломжид тулгуурлан  2.6 тэрбум төгрөгийг зарцуулж байна.  Гэр хорооллын Эрдэнэ багт бассентай,  640 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг, дөрвөн сургуульд биеийн тамирын талбай байгууллаа. Харин “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд багш нарыг гадаадад мэргэжил дээшлүүлэх, хөнгөлөлттэй үнээр орон сууцаар хангах, мэргэжил, ур чадварыг нь дээшлүүлэх гээд 10 гаруй үйл ажиллагаанд 157 сая төгрөг батлан ажиллаж байна. Энэ бол орон нутгаас багш нарыг дэмжиж буй бодлогын нэг юм. 
-Багш нар цалин хөлсөө нэмэгдүүлэхийн тулд ажил хаялт,  цуглаан хийж байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Багш нар цалингаа  1.6 сая төгрөгт хүргэнэ гэж тайван жагслаа, ажил хаялаа.  Аливаа зүйлийн жор тунг тааруулж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхгүй бол улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед 300-400 орчим мянган багшийн цалинг шууд 1.6  сая төгрөг болгоно гэхээр бусад салбар яах билээ гэдгийг бодох л ёстой. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг тодорхой хэмжээнд авч үзээд, шийдвэр гаргах байх.  
 
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻