Сэлэнгэ аймгийн боловсролын салбар улсдаа жишиг байхыг аймгийн дарга хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-06 01:58:45
Сэлэнгэ /Монцамэ/. Шинэ цагийн боловсрол үүсч хөгжсөний 96 жил, Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдрийг Сэлэнгэ аймагт ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Сэлэнгэ аймгийн боловсролын салбар улсдаа жишиг байхын төлөө хичээн, сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг аймгийн Засаг дарга Ш.Оргил багш сурган хүмүүжүүлэгчиддээ хандаж, баярынх нь энэ өдөр хичээнгүйлэн захилаа.
Монголын багш нарын баярын арга хэмжээ аймгийн төв талбайд Сүхбаатар сумын ЕБ-ийн 6 сургуулийн сурагчдын төлөөлөл оролцсон 1000 гаруй хүүхдүүдийн дуулсан “Дуунд ургасан Сэлэнгийн буудай” дууны түрлэгээр эхэлж, уран сайхны гимнастикийн үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүлэн эхэллээ. Мөн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд болсон баярын хурлын үеэр хийсэн бүтээснээ улс, аймаг, орон нутагтаа үнэлүүлж, урам зориг хайрласан шагналын хур буусан юм.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрсөн хичээлийн жилд сурах бичгийн хангалт бага ангид 100 хувь, дунд, ахлах ангид 84.0 хувь, дүрэмт хувцсаар хангаж, жигдрүүлэх ажил 100 хэрэгжсэн байна. Мөн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн бага ангийн сургалтын менежер Г.Түмэндэмбэрэл, бага ангийн багш О.Ганцэцэг, Мандал сумын Улсын тэргүүний “Олимп” цэцэрлэгийн арга зүйч П.Нарантунгалаг нар “Улсын зөвлөх багш” мэргэжлийн зэрэгтэй болжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд 7 зөвлөх багштай болсон нь боловсролын салбарт ажиллаж байгаа багш, удирдлагуудын нөр их хөдөлмөрийн үр шимийн үзүүлэлт ажээ. Эдгээр зөвлөхүүд багшийн ажлын гол үзүүлэлт болсон нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах, эл хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, сургалтын орчин бүрдүүлэх, суралцагчдынхаа хөгжил төлөвшилд тодорхой ахиц гарган, мэргэжил нэгт олон багш нараа хошуучлан ажиллаж энэхүү баярын өдрөө угтжээ.    
Ч.Отгонцэцэг
相关新闻