Цахим лавлахтай болсноор төрийн үйлчилгээнд шинэчлэлт хийгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-06 01:42:51
Сэлэнгэ /Монцамэ/. Сэлэнгэ аймгийн ард иргэд технологийн дэвшлийг ашиглан санал хүсэлтээ “Нээлттэй Сэлэнгэ” төрийн үйлчилгээний цахим лавлахаар дамжуулан илэрхийлж, шийдвэрлүүлэх болсноор төрийн ажил үйлчилгээнд шинэчлэлт хийгджээ.
Өнөөдөр Сэлэнгэ аймагт Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Ерөө, Жавхлант, Орхон, Сант, Орхонтуул сумдыг хамарсан 310.06 км шилэн кабель, тэдгээрийн дамжуулах системийн хэвийн үйл ажиллагааг “мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь газар ханган ажиллаж байна. Цахим сум төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн 16 сум 5 тосгон шилэн кабелийн өндөр хурдны интернэтэд холбогдсон аж. Энэхүү ажлыг аймгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ. Ингэснээр эдгээр газруудын төр, захиргааны байгууллагууд захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа өндөр хурдны интернэт ашиглаж байна. Сэлэнгэ аймаг бүх сумдаа цахим хурал хийх иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангажээ.
Мөн шилэн кабельд холбогдоогүй Хушаат, Дулаанхаан, Бугант тосгодыг дахин дамжуулах тоон радио холбооны төхөөрөмж ашиглан холбоожуулсан аж. Харин тус аймгийн Баянгол, Мандал, Сайхан сумдын шилэн кабелийн үйл ажиллагаа Дархан-Уул аймагт бүрэн хамрагддаг байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻