Заамар сумынхан Дорнод, Сүхбаатар аймгаас хадлан бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-05 22:29:49
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.Төв аймгийн Заамар сумын удирдлагууд Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаас 33 мянган боодол өвс бэлтгэхээр гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд одоогийн байдлаар 8000 боодол өвсийг малчид болон мал бүхий өрхөд хуваарилаад байгаа аж.

Төв аймгийн Заамар сумын нутгаар энэ жил зуншлага тааруу болсноос малчид өөрийн сумаас хадлан бэлтгэх боломжгүй болсон юм. Сум орон нутгийн удирдлагууд өөр аймгуудтай өвс авах гэрээг өнгөрсөн сараас байгуулан ажиллаж байна. Гэрээний хүрээнд Дорно, Сүхбаатар аймгуудад тус сумын хадлангийн дөрвөн салаа ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “Сумын аюулгүйн нөөц”-өнд 20 тн хивэг нөөцлөөд байна. Нэмж 4000 боодол өвс татахаар төлөвлөөд буй юм. Сумын хэмжээнд аймгийн Засаг даргын санаачилсан “Гар тэжээл бэлтгэх аян”-аар тус сумын бүх албан байгууллага, ахлах ангийн сурагчид нийт 1420 кг гар тэжээл бэлтгэжээ. Тухайлбал зоодой 370 кг , халгайн дарш 425 кг, хүнсний ногооны навчны дарш 25 кг, хомоол 160 кг, хорголжин тэжээл 15 кг бэлтгэсэн бол малчид 425 кг-ыг тус тус бэлтгэсэн аж.

Заамар сумаас гаднын аймаг, суманд нийт 14 өрхийн 10584 мал өвөлжих төлөвтэй байна. Бэлчээр сайтайг сонгон Бор булан, Өвөр наймганы эх, Ханангийн ар, Давхарын ар, Хоньч эрээн хавирга, шаардлагатай гэж үзвэл Малхын талд зохих тооны адуу оторлуулахаар төлөвлөөд байгаа гэдгийг албаныхан хэллээ.
 
Т.Төмөр
相关新闻