Орхоны эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж тайван цуглаан хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-04 17:43:01
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв /БОЭТ/-ийн 480 орчим эмч мэргэжилтэн цалингаа нэмэхийг шаардаж  ажлын байрандаа тайван цуглаан хийлээ. Харин хагалгаа, яаралтай тусламж үзүүлж буй эмч сувилагчид ажлаа хэвийн үргэлжлүүлсэн байна. Дээрх арга хэмжээг аймгийн ҮЭХолбоо зохион байгуулсан юм.
ҮЭХолбооны дарга М.Батцоож хэлэхдээ, “Өнгөрсөн сараас эхэлсэн багш нарын ажил хаялтыг манай байгууллага хууль бус гэж үзэж байгаа. Учир нь аливаа цуглаан, ажил хаялт, шаардлагыг гурван талт хэлэлцээрийн дагуу Үйлдвэрчний эвлэлтэй хамтран зохион байгуулах журамтай байдаг. Гэвч багш нар Түр хороо байгуулан бие даан зохион байгуулсан нь хууль бус. Тэд өөрсдийн хоёр өдрийн цалин хөлсөөрөө хохирч байгаа юм. Харин өнөөдрийн арга хэмжээ бол журмын дагуу явж байгаа. Мөн манай аймгийн БОЭТ болон Эрүүл мэндийн газрын 45 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл Улаанбаатарт болж буй жагсаалд оролцохоор автобусаар гарсан” гэлээ. Түүнчлэн эмч нарын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд 20 мянга гаруй ажилтны гарын үсгийн хамт хүргүүлж байгаа ажээ.  
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻