Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ Болгарын Пловдив хотод ирэх 7 хоногт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болгар улсын Пловдив хотноо 2017 оны 10 дугаар сарын 11-15-нд сонгомол барилдаан болон эрэгтэй чөлөөт бөхийн Ахмадын ХIХ ДАШТ болно.
Тус тэмцээн 3 дэвжээн дээр зэрэг явагдана. Энэ сарын 13-ны баасан гарагт эрэгтэй чөлөөт бөхийн “В”, “Е” ангиллын, 14-ний бямба гарагт “С”, “Д” ангиллын, 15-ны ням гарагт “А” ангиллын бөхчүүдийн барилдаан болох юм. Ахмадын ДАШТ нь 55-62 кг, 70, 78, 88, 100, 100-130 кг жингүүдэд A/35-40 нас/, B/41-45 нас/, C/46-50 нас/, D/51-55 нас/, E/56-60 нас/ гэсэн ангилалд шилдгүүдээ тодруулна.
Өнгөрсөн жил Польш улсын Валбжих хотод болсон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ахмадын XYIII ДАШТ-нд манай 13 бөх оролцож хошой алт, 3 мөнгө, 6 хүрэл медальтай эх орондоо ирсэн билээ.
Тухайлбал, Г.Баасансүрэн “С” ангиллын 63 кг-д, А. Цэдэнсодном “D” ангиллын 76 кг-д алт, Т.Батнасан “В” ангиллын 58 кг-д, Ж.Лхагвасүрэн “Е” ангиллын 97 кг-д, Ө.Насанжаргал “F” ангиллын 97 кг-д мөнгө, Н.Баатар “В” ангиллын 69 кг-д, Д.Ганбат “В” ангиллын 85 кг-д, Э.Нарангэрэл “В” ангиллын 85 кг-д, Ш.Баянмөнх “В” ангиллын 130 кг-д, Д.Ганхуяг “А” ангиллын 69 кг-д , Ш.Энхбаяр “А” ангиллын 76 кг-д хүрэл медаль тус тус хүртэж байсан юм.
Д.Өлзий