Агаарын тээвэр, боловсруулах үйлдвэр зэрэг шинэ салбарт хамтрах шаардлагатайг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-03 13:05:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн хоёр дахь удаагийн чуулга уулзалт “Блью скай” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.
Анхны чуулган Новосибирск хотод 2016 онд болж байсан бөгөөд энэ удаагийн чуулганаар хоёр орны худалдаа, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэж буйг төлөөлөгчид онцолж байна.
Чуулга уулзалтад Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил,  ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга  Олон улсын хамтын ажиллагааны Ассоциацийн ерөнхийлөгч  Сергей Вячеславович Калашников, УИХ-ын  гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, Б.Энх-Амгалан,  ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Азизов Кубарович тэргүүтэй 200 орчим төлөөлөгч оролцож байна.
Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил чуулганыг нээж хэлэхдээ, “Аливаа улс орны гол түнш бол хөрш орон байдаг. Энэ утгаараа манай улсын тэргүүлэх чиглэлд  ОХУ-тай хийх  худалдаа, хөрөнгө оруулалт чухал байр суурь эзэлдэг. Монгол Улс худалдааны гол түншүүдийнхээ зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах судалгааны ажлыг хийж байна. Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулан ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Улмаар дэлхий нийтийн хөгжлийн тэргүүлэх асуудлууд дотроос далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ, шаардлагын асуудал Монгол Улсын анхаарлын төвд байдаг. Дэлхийн Худалдааны байгууллагын тооцоогоор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааны зардал олон улсын худалдаанд үнэлгээний дүнгээр 260 хувийн тариф тогтоосонтой тэнцэж байна. Монгол Улс далайд гарцгүй хөгжиж байгаа бусад оронтой хамтран Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг 2024 хүртэл үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээрийг 10 улс соёрхон баталсан тул 10 дугаар сарын 6-наас уг хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Монгол Улсын хувьд тээврийг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээвэр ложистикийг хөгжүүлэхээс эхлээд олон ажлыг өрнүүлж байна. Үүнээс гадна Орос, Монгол, Хятад гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах асуудлаар гурван улсын Ерөнхийлөгч нар Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хурлын үеэр Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хүрээнд 32 том төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр төслийг хөдөлгөхөөр хөрөнгө оруулалт, зураг төслийн төв байгуулахаар талууд идэвхтэй ажиллаж байна. Мөн Владивосток хотод Дорнын эдийн засгийн форумын хүрээнд гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг урагшлуулах  төмөр зам, автозам, эрчим хүчний асуудалд анхаарч байна. Хоёр улсын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүн экспортолж, импортлохдоо хил, гаалийн тарифыг хөнгөлөх, чөлөөлөх  асуудлыг хөнддөг. Энэ удаагийн чуулганаар талууд олон асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

2017 оны эхний найман сарын үзүүлэлтээр манай улс ОХУ-тай хийсэн худалдаа 38 хувиар өссөн дүн мэдээ байна. Энэ удаагийн чуулганд оролцогсод худалдаа, эдийн засгийн чиглэлээр хязгаарлахгүй маш олон салбарт хамтарч ажиллах боломжтой гэдгийг онцолж байсан юм.


Чуулганы төлөөлөгчид ийнхүү ярьж байна.




УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан:

 Монгол-Орос хоёр улс өнө эртнээс уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн. Хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж байна. “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017”  чуулган хоёр орны сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлж, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд шинэ техник, технологи, хамтын ажиллагаагаар зах зээлээ тэлж, харилцан туршлага солилцох шинэ боломжуудыг нээх чухал ач холбогдолтой уулзалт болно гэдэгт итгэж байна.  УИХ, Засгийн газар болон ОХУ-ын Холбооны зөвлөл хамтран “Монгол- Оросын хамтын ажиллагаа 2017” арга хэмжээний хүрээнд“ ОХУ-д үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд үйлдвэрээс хэрэглэгчдэд шууд хүргэх, шинэ түнштэй болох олон талын ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр хууль эрхзүйн орчныг сайжруулахад хоёр улсын Засгийн газар идэвхтэй ажиллах үүднээс байнгын зөвлөл байгуулах талаар яриа хэлцэл өрнөж байна. Шинэ үйлдвэрлэл, инноваци шингээсэн дэвшилтэт тоног төхөөрөмж нийлүүлэх гээд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд энэ удаагийн чуулган өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.





ОХУ-ын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Сергей Вячеславович Калашников:


-Энэ удаагийн чуулга уулзалт ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэмжлэгээр зохион байгуулж байна. Монгол Улс бол манай орны хөрш төдийгүй стратегийн түнш гэдгээрээ онцлогтой. Хоёр улсын хамтын ажиллагаа  худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарт өргөжиж буй бөгөөд цаашид шинэ салбарт тэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол-Оросын төрийн тэргүүн нарын тохирсон яриа хэлцэл, гэрээг хэрэгжүүлэхэд манай тал бэлэн байна. Яриа хэлцлийг бодит ажил болгоход “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалт чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.



ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов:
Монгол-Оросын харилцаа худалдаа эдийн засгаар хязгаарлахгүйгээр хоёр орны түншлэлд ахиц гаргахад анхаарах ёстой. Ирээдүйд хоёр улс таван чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал гэж харж байна. Тухайлбал Эрчим хүчний салбарт хамтрах нь чухал бөгөөд энэ хүрээнд ОХУ-ын дөрвөн дэд системтэй нэгтгэх, хуучин ЗХУ-ын үед байгуулсан эрчим хүчний объектыг шинэчлэх хэрэгтэй. Мөн  2010 онд УИХ-аас Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд төмөр зам барих ажлыг урагшлуулах, монгол малыг эрүүлжүүлэх, ХАА-н тоног төхөөрөмж нийлүүлэх, үр үржил, ургамлын чиглэлд нэн тэргүүнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай. Энэ цаг үед Монгол Улс ОХУ-аас улаан буудай нийлүүлэх онцгой байдал үүсээд байна. Улмаар Монгол Улс Евро Азитай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, хорио цээр, эрүүл ахуйн хүндрэлийг арилгахад хамтрах ёстой.
Ийнхүү чуулганы төлөөлөгчид хоёр улс урт хугацаанд барилга, уул уурхай, хүнсний салбарт ажиллаж ирсэн. Харин одоо агаарын тээвэр, боловсруулах үйлдвэр гээд шинэ салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шаардлагатай гэдэгт саналаа нэгтгэлээ. Улмаар хоёр орны улс төр болоод жирийн иргэдийн чин хүсэл эрмэлзэл байгаа цагт хамтын ажиллагаа өргөжинө гэдгийг  төлөөлөгчид тодотгосон юм.

Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻