Ж.Батзориг: Энэ сарын 20 гэхэд хуулийн хүрээнд хугацаагүй ажил хаях эрх үүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-02 11:03:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багш нарын цалин, хөлсийг нэмэх тэмцлийг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) хуулийн хүрээнд дэмжин ажиллахаа өнөөдөр дахин илэрхийллээ.
МҮЭХ өнгөрсөн 25 жилийн хугацаанд цалин нэмэхтэй холбоотой тэмцлийн үйл ажиллагааг тогтмол явуулж ирсэн байна. Тухайлбал 1992 оноос өнөөг хүртэлх хугацаанд хийсэн тэмцлийнхээ үр дүнд багшийн цалин хөлсийг дунджаар 866 дахин нэмэгдүүлжээ. Одоо ч төрийн албан хаагчдийн цалингийн асуудлаарх Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хамтын маргаан үүсгээд байна хэмээн МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг хэллээ.
Тэрбээр, “МҮЭХ хуулийн хүрээнд гэрээ хэлцэл хийх, эвлэлдэн нэгдэх, жагсаал зохион байгуулах, ажил хаях гэх мэт олон эрхтэй. МҮЭХ-ноос үүсгээд байгаа хамтын маргаан бидний талд шийдвэрлэгдэхгүй бол энэ сарын 20 гэхэд хуулийн хүрээнд хугацаагүй ажил хаях эрх үүснэ. Үүнд МҮЭХ болон МБШУҮЭХ-ны гишүүд идэвхтэй оролцох болно. Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг МҮЭХ ойлгож байгаа. Гэхдээ хэт бага цалин авч буй багш нар нийгмийн дундаж давхрагаас доош буюу ядуурлын хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна. Тиймээс багш нарын цалинг нэмэх зайлшгүй шаардлагатай юм” гэлээ.
Өнгөрсөн сард Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооны гишүүд “Багш нарын онц их хурал” зарлан хуралдуулах, санхүүжилтийг тус холбооноос гаргуулах хүсэлт тавьжээ. МБШУҮЭХ-ноос санхүүжилт гаргах боломжгүй гэдгийг мэдэгдсэний дараагаар “МҮЭХ цалин хөлсийг нэмэхийг дэмжихгүй байгаа тул тарах хэрэгтэй” гэсэн ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээг тараах болжээ. Зарим улс төрчид төрийн албан хаагчдын эрхийн төлөө тэмцэж буй МҮЭХ-г хагалган бутаргах чиглэлээр гүтгэлгийн чанартай мэдээлэл гаргадаг бөгөөд энэ мэт мэдээлэлд итгэхгүй байхыг нийт гишүүддээ хандан уриалав.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻