Ургац тээвэрлэлтийн замыг хатуу хучилттай болгосноор эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-02 14:12:13
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумыг холбосон 118 км сайжруулсан шороон замаар Улсын болоод Сэлэнгэ аймгийн намрын ургац тээвэрлэлт явагддаг тээврийн гол зам гэж хэлж болно. Тус зам жилдээ нэг удаа намрын ургац тээвэрлэлтийн үеэр л хусагдаж арай аятайхан болж засварлагдсаар хэдэн арваныг үдсэн байдаг. Дөрвөн жилийн циклтэй ирдэг сонгуулийн үеэр энэ замыг засаж, хатуу хучилттай болгож өгнө гэсэн амлалтанд хууртан горьдсоор, сайжруулсан шороон зам хэвээрээ л байсаар байгаа. Шороо учраас бороо, цасанд амархан элэгдэж, эвдрэл үүсэх нь хурдан байдаг бөгөөд иргэдэд эдийн засгийн талаас нэлээд хохирлыг үзүүлдэг гэнэ. Нутгийн иргэд өөрсдөө замынхаа нөхцөл байдлыг мэддэг учраас тохируулаад явчихдаг байна. Харин гадны иргэд онцлогийг нь мэддэггүй учраас осол гэмтэл гаргах нь олонтаа байдаг ажээ. Иймээс Улсын болоод Сэлэнгэ аймгийн ургац тээвэрлэлийн гол зам, газар тариалангийн гол бүс болох дөрвөн сумын нутгийг холбосон энэ замын асуудал өнөөдөр туйлын анхаарлын төвд ирсэнийг нутгийн иргэд болоод эл замаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг компани, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллүүд ийнхүү ярьж байна.   
 
Цагааннуур сумын Засаг даргын орлогч Н.Зоригоо:Их бүтээн байгуулалт, тээвэрлэлт, борлуулалтын ажил нэлээд хөнгөрөх болно

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумыг Монголын газар тариалангийн элит сум, газар тариалангийн гол бүс гэдгээр нь хүмүүс андахгүй бизээ. Тус сум жилдээ 30-50 мянган тонн үр тариа хураан авч, Сэлэнгэ аймгийн ургацын 40 гаруй хувь, улсын ургацын 30 гаруй хувийг бэлтгэдэг сум. Мөн жилдээ 12.5-15.0 мянган тонн хадлан тэжээл бэлтгэж, 25-40 мянган тонн төмс, хүнсний ногоо, 170-200 тонн ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг том сум. Цагааннуурчууд бэлтгэсэн дээрх бүтээгдэхүүнүүдээ ачаад тээвэрлээд явахад замын асуудал маш хүнд байдаг байна. Тус сумын Засаг даргын орлогч Н.Зоригоо:-”Манай сум аймгийн төвөөс 95 км зайд алслагдсан. Манай сумыг дайран өнгөрдөг Түшиг, Шаамарын чиглэлийн 118 км замыг хатуу хучилттай болгох юм бол их бүтээн байгуулалт, тээвэрлэлт, борлуулалтын ажил их хөнгөрөх болно” гэлээ. Тус суманд 1363 ширхэг ачааны болон суудлын бага оврын авто машин хөдөлгөөнд оролцдог байна.
 
Улсын хоёр удаагийн аварга, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Атар трейд” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат агрономич Ө.Чимэддорж: Энэ зам бол Сэлэнгэ аймгийн хувьд маш чухал зам

Энэ жилийн тухайд малчид, тариаланчдын хувьд нэлээд хүндхэн зун боллоо. Зундаа хур бороо багатай, намартаа нэлээд хэмжээний хур орж тариа хураахад ихээхэн хүндрэлтэй хэцүү явагдаж байна. Манай компанийнхан өнөөдрийн байдлаар тариа хураалтынхаа ажлыг ерөнхийд нь дуусч байна. Энэ жил ургацын чанар сайн, га-гаас 14-15 цн ургац авлаа. Бидний тухайд ургацаас гадна Сүхбаатар хотоос нааш Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг гээд 100 гаран км замын асуудал их хүндрэлтэй болоод байна. Би 1978 онд энэ суманд Найрамдал САА-д атрын 2-р аянаар ирж байлаа. Эндээс ажил амьдралын гараагаа эхэлсэн. Намайг анх ирж байхад Сэлэнгэ аймгийн төвөөс Зүүнбүрэнгийн төв ороход сайжруулсан шороон зам тавьж байсан. Өнөөдөр 40-өөд жил тэр зам маань хэвээрээ. Жил бүр ургацын үеэр хөдөлгөөн ихэсдэг учраас зам их эвдэрдэг. Үүнээс болоод тариаланчид маш их хугацаа алддаг, техникийн гэмтэл их гардаг, тээвэрлэж байгаа тээврийн байгууллагад хүндрэлтэй болдог. Энэ асуудлыг анхааралдаа авахыг сумын иргэдээс хүсэж байна. Сонгууль болгоноор энэ асуудлыг хэлж ярьж байдаг. Үр тарианаас гадна хүнсний ногоо, мал аж ауйгаас гардаг бүхий л бүтээгдэхүүн энэ замаар явдаг. Энэ зам бол Сэлэнгэ аймгийн хувьд маш чухал зам. Улсын ургацын 30 орчим хувь, Сэлэнгэ аймгийн ургацын 40 гаруй хувь энэ замаар тээвэрлэгдэн явдаг. Тийм учраас энэ зам их чухал. Нутгийн иргэдийн мөрөөдлийн асуулгын гол сэдэв болсон зам. Намрын намарт замын асуудал яригдсаар олон жилийг үдлээ. 

П.Мөнхөө: Машин тэргэнд эвдрэл их үүсгэдэг, цаг хугацаа их алддаг

Намайг Мөнхөө гэдэг. Би Сэлэнгэ аймгийн “Алтан тариа” компанид тээвэр хийж байгаа жолооч. Улсын будааг 11 дэх жилдээ тээвэрлэж байна. Намрын намарт замын асуудал маш хүнд байдаг. Жилдээ нэг хусдаг. Хусаад л явсаны дараа том машинууд яваад эргээд л энхэл донхол үүсдэг. Энэ нь машин тэргэнд эвдрэл их үүсгэдэг, цаг хугацаа их алддаг.
 
Цагааннуур сумын иргэн Б.Даваалхагва:Зээлээ төлж чадалгүй л бараг машинаа эвдэх жишээтэй

Би Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын хүн тээврийн жолоочоор ажилладаг. Манай суманд өглөө орой хоёр машин хүн тээвэрт явдаг. Нийт 6 машинтай. Манайхаас аймгийн төв хүртэлх зам маш хүнд. Бороо цас орсон үед бүр илүү хүндрэлтэй болдог. Нэг яваад л машин эвдэрнэ. Намартаа ургац хураалтын үеэр л нэг хусдаг. Замын асуудлаас болоод үүссэн эдийн засгийн хохирол иргэдэд хүнд тусдаг. Шинэ машин зээлээр авдаг. Амьдрахын тулд тээвэр хийдэг. Замын бартаа саадаас болоод машинаа эвддэг. Зээлээ төлж чадалгүй л бараг машинаа эвдэх жишээтэй.
 
Цагааннуур сумын иргэн ногоочин Г.Үүрцайх: Бидэнд эдийн засгийн хохирол нэлээд учирдаг

Би 17 жил ногоо тариалж байна. 3.5 га-д 17 төрлийн ногоо тариалдаг. Ногоогоо Улаанбаатар, Дархан-Уул аймагт явж борлуулдаг. Ингээд ногоогоо ачаад явж байхад зам маш хэцүү. Ялангуяа шийгуай ачаад явахад тал нь хагараад очдог. Их хэмжээгээр аваад явахаар машин техник эвдрэнэ. Замдаа муудна. Арай гэж хөлс хүчээ дуслуулан ургуулсан ногоогоо борлуулах гэж ачиж яваад замдаа талыг нь гэмтээдэг. Бидэнд эдийн засгийн хохирол нэлээд учирдаг. Иймээс энэ замыг ургац тээвэрлэлтийн энэ гол замаа улс харж үзээд хатуу хучилттай болгоод өгөх  юм бол их үр дүнтэй ажил болно гэж боддог.
  
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2-р багийн өндөр настан Т.Дорж: Энэ зам баригдчихвал улсын хөгжилыг 80 насанд үзлээ гэж баярлах байна

Би атрын 1, 2, 3-р аяны эзэн өндөр настан хүн. Тариа будааны гол цөм нутагт амьдарч байна. Манай сум бол Сэлэнгэдээ ч улсдаа ч тэр гол бүс нутаг. Өнөөдөр Зүүнбүрэн, Шаамар, Цагааннуур, Зэлтэр энэ 4 сумыг харьяалсан засмал зам маш их хэрэгтэй байна. Амархан эвдэрч сүйддэг шороон замын улмаас будаа гээгдэж хаягдах, ногоо бэртэж гэмтэх, машин техникт эвдрэл үүсэх гээд хохирол ихээхэн гарч байна. 1990 оноос хойш л аль ч засаглалын үед зам барина гэж яригдсаар өнөөдөртэй учирч байна. Замтай болчихвол их л өгөөжтэй ажил болно доо. Нийт 118 км зам байгаа юм. Энэ зам баригдчихвал улсын хөгжилыг 80 насанд үзлээ гэж баярлах байна. Би тракторчин, комбайнч, тариа бригадын дарга гээд ажлуудыг хийж байсан.
 
Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар: Сонгууль болгоны шоу биш, ажил хэрэг болсон сайхан зам болоосой гэж хүсэж байна

Манай Шаамар сум дундуур явж байгаа энэ зам Түшиг хүртэл 118 км үргэлжилдэг. Замдаа Цагааннуур сумыг дайран өнгөрдөг. Энэ зам бол 1983 оноос хойш огт их засвар хийгдээгүй. Ер нь сонгууль болгоноор тодорхой нэр дэвшигчдийн шоу болсон зам. Сэлэнгэ аймаг бол улсын үр тарианы 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг аймаг. Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумдаас дээрх үр тарианы 40 гаруй хувийг үйлдвэрлэн энэ замаар тээвэрлэдэг. Энэ замаар тээвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо бусад бүтээгдэхүүнүүд тоос шороонд дарагдах, хүнсний эрүүл, аюулгүй байдал алдагдах, мөн тээвэрлэлтийн үед асгарах, гоожих, хорогдох байдал үүсдэг. Түүнчлэн машин техникийн эвдрэл гэмтэл их гардаг. Үүнийг цаашид засварлаж хатуу хучилттай зам болгох зайлшгүй шаардлагатай гэж ойлгодог. Ялангуяа манай дөрвөн сумын 20 гаруй мянган иргэдийн хүссэн эрх ашиг, олон арван аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа энэ замтай холбоотой. Иймээс УИХ, Засгийн газар миний хувьд шинэ байгуулагдаж байгаа Засгийн газар хүнсний аюулгүй байдал, замын асуудал дээр анхаарал тавьж ажиллах байх гэж найдаж байна. Сонгууль болгоны шоу биш, ажил хэрэг болсон сайхан зам болоосой гэж хүсэж байна.
Олон жил үр тариа тээвэрлэхэд энэ зам учир дутагдалтай байсан. Гэвч Засгийн газар хөрөнгөө шийдээд тавих замаа тавидаг юм билээ. Тухайлбал Төмөртэйн хүдэрийн уурхай руу. Энэ бол хувийн хэвшлийн уурхай руу дэмжсэн замыг тавьж чадсан. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнд зориулсан замаа тавих байх гэж бодож байна. Энэ асуудал дээр манай аймгийн Засаг дарга Ш.Оргил их санаачилга гарган ажиллаж байгаа. Зөвхөн сумаа хатуу хучилттай замаар холбох гээд байгаа юм биш. Газар тариалангийн үйлдвэрлэлд маш хэрэгтэй. 
 
Шаамар сумын иргэн Б.Ариунболд: Засмалтай болчихвол байгаль дэлхийдээ ээлтэй болно
 
Би энэ сумандаа төрж өсөөд ажиллаж амьдарч байна. Манай сумын хувьд зам харилцаа маш муутай. Тариалангийн үйлдвэрлэлээрээ аймагтаа тэргүүлдэг гол дөрвөн сумд энэ замаар холбогддог. Миний хувьд үүнийг янзлаад засаад өгөөчэй гэж хэлмээр байна. Засмалтай болчихвол байгаль дэлхийдээ ээлтэй болно. Учир нь замын тоосжилт ихтэй болж байна. Бас их эвдэгдэж байна. Тээвэрлэлтэнд явахад цаг хугацаа алддаг. Техник тоног төхөөрөмж эвдрэл ихтэй байдгаас эдийн засгийн хувьд хохирол нэлээд гардаг. Бид аль болох боломжоо дайчлаад явж байна. Сонгуулийн үеэр хүмүүс их л гоё амалдаг. Хэн хэнийгээ буруутгаад яахав. Хаа хаанаа зөвшилдөөд замтай болчихвол сайхан байна. Манай сум чинь эдийн засгийн хувьд их ач холбогдолтой улсын хэмжээнд яригддаг сумд л даа. Улсын хэмжээний ургацын 40 хувиас дээш яригдаг, мөн зөгийн аж ахуй, хадлан тэжээл гээд бүхий л зүйл энэ замаар явдаг.
 
Т.Энхболд: Энэ зам намайг мэдээ орохоос эхлээд л ийм л байсан өнөө мөн хэвээрээ л байна

Би өөрөө ой хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай Шаамар байгалийн эрс тэс уур амьсгалтай газар нутагт байрладаг. Зундаа их халуун, өвөлдөө их хүйтэн, цас их унадаг. Би аймгийнхаа авто зам засварынханд маш их баярладаг. Тэд боломжийнхоо хэрээр маш сайн засдаг. Гэхдээ энэ шороон зам учраас энэ их тээвэрлэлтийн явцад, бороо шороонд маш хурдан эвдэрдэг. Саяхан зассан болохоор одоо гайгүй байна. Ерөнхийдөө маш хурдан эвдэрдэг. Бэрхшээл хэлээд байвал их л бий. Машин техникийн эвдрэлээс гадна ачаа бараа нурж, гэмтэх, цаг алдахаас эхлээд. Энэ бол зөвхөн манай Шаамар сумтай холбоотой асуудал биш. Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг цаашлаад Хушаат гээд 5 сумтай холбоотой үр тариа, хүнсний ногооны гол зам. Шаамар сумынхны хувьд хар замтайгаа ойрхон учраас ингэсгээд болгоод л явна. Энэ зам намайг мэдээ орохоос эхлээд л ийм л байсан өнөө мөн хэвээрээ л байна.
Бороо их ороод цас их унаад ирэхээр энэ замаар тээврийн хэрэгсэлүүд зорчихгүй тойрч манай энэ нарсны дундуур зам гаргаад явчихдаг. Маш олон зам гарсан байгаа. Энэ бол байгаль экологид ихээхэн хор нөлөөтэй. Биднийг хүүхэд байх үед байсан ой мод одоо байхгүй. Тэр бол огтлолтоос биш энэ замуудаас нөлөөлж байгаа юм. Яг манай сумын төв рүү ордог энэ хэсэгт осол гэмтэл их гардаг. Манай сумынхан өөрсдөө замынхаа нөхцөл байдлыг сайн мэднэ. Гэтэл өөр газраас ирж яваа хүмүүс замын нөхцөл байдлыг мэдэхгүй замд эвдрэл үүссэн үед мэдэхгүй анзаарахгүй засмал дээр явж байгаа юм шиг яваад л осол гаргадаг. Манай сумын нутаг дэвсгэр дээр гарч байгаа осол гэмтлийн ихэнх нь гадны жуулчид, мэдэхгүй хүмүүс байдаг. Энэ замыг хатуу хучилттай болгох нь манай сумтай холбоотой орон нутгийн асуудал гэж бодохгүй байна. Өшөө цаасаа үр тариа, хүнсний ногоо гээд улсын хэмжээнд яригдаж, бусад сумдтай холбоотой зам учраас их том асуудал гэж бодож байгаа.

Нутгийн иргэд ийн ярьж байна. Сэлэнгэ аймаг бол Монголын ард түмний хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, ханган нийлүүлдэг ариун үүрэгтэй аймаг гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа Сэлэнгийн тариаланчид Монгол Улсын үр тарианы 60 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг өндөр хариуцлагыг хүлээсээр, жилийн жилд, намрын намарт монголын ард түмнийг хүнстэй байлгах үүргээ ухамсартайгаар биелүүлсээр яваа ард түмэн билээ. 
Урд нь бид тус аймгийн тариалсан үр тариа, төмс, хүнсний ногооны ургацын гарч, га-гаас авах цн, боруулалтын талаар л олонтаа ярьж, хэлж мэдээлсээр ирсэн. Харин энэ удаа тариад, ургуулаад, хураагаад авсан будаа, төмс, хүнсний ногоо ямаршуу нөхцөл байдлыг туулан байж тээвэрлэгдэн хүрэх газартаа хүрдэг талаар төвийн болоод орон нутгийн сэтгүүлчдийн нэгдсэн баг сурвалжиллаа.
Бидний багт орон нутгийнхны хэлж заншсан төвийн сэтгүүлчид буюу Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “ТВ-25”, “Малчин”, “Royal”, “Stars” телевиз, “Зууны мэдээ”, “Монголын мэдээ” сонин болон, “Zaluu.com”, control.com” зэрэг сайтууд, орон нутгийн “Миний Монгол”, “Таны Сэлэнгэ” ТВ-ийн сэтгүүлчдээс бүрдсэн баг оролцож нэгэн зүгт, нэгэн сэдвийн дор Сэлэнгэ аймгийн намрын ургац тээвэрлэлтийн зам болоод ургац тээвэрлэлтийн явцад тохиолддог хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулж, иргэдээ хүнстэй байлгах ажлыг амжуулж яваа талаар сурвалжлахаар нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.
Сэтгүүлчид өөр өөрийн өнцгөөс харж, байгууллагуудынхаа онцлог онцлогт тохирсон мэдээллүүдийг бэлтгэн ургац тээвэрлэлтийн гол замын асуудлаар байр сууриа илэрхийлнэ бизээ.
Тиймээ. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Эвдэрсэн, хонхойсон, энхэл донхол замаар явж буй тээврийн машинууд ч эвдэрч, гэмтэж, ачсан будаа хаягдаж, хүнсний ногоо тээвэрлэлт даахгүй хагарч муудах явдал гарсаар. Атрын анхдугаар аянд будаа тээвэрлэж байсан зам атрын 2, атрын 3-р аяны үед ч бахь байдгаараа эдийн засгийн хохирол дагуулсаар л. Монголын ард түмний хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон Улсын үр тарианы нэгээхэн хэсэг энэ замаар тээвэрлэгдэж байна. Сэлэнгийн тэр дундаа газар тариалангийн элит гэгддэг Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Зэлтэр нутгийн тариаланчид, ногоочдын хүсэл ганцхан. Энэ нь ургац тээвэрлэлтийн гол замаа хатуу хучилттай болохыг л хүсэж байна. Ингэснээр эдийн засгийн асар их үр өгөөж ирнэ гэдэгт тэд итгэлтэй байна. 
Хэдхэн хоногийн өмнө энэ замыг Сэлэнгэ "АЗЗА" засварласан учраас одоогоор хэд хоногтоо сайхан л байна гэж иргэд ярьж байсан. Бид цөөхөн хоногийн настай засмал шороон замаар салхи татуулан автобусандаа явцгаасан билээ.
Ч.Отгонцэцэг  
相关新闻