Орхон аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Энэ сарын гурван, дөрвөнд Орхон аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ болно. Үүнийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Орхон аймгийн ЗДТГ, Хууль, эрх зүйн хэлтэс хамтран зохион байгуулж байгаа юм. “Хүний эрхийн нээлттэй өдөр” –ийн үеэр Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль, тогоомжийн хэрэгжилтийг үнэлэх, сургалт, сурталчилгаа хийх, иргэдтэй уулзах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах юм. Энэ үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга Т.Их-Тамир, хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн референт Г.Золзаяа, Орхон аймаг дахь комиссын ахлах мэргэжилтэн Ё.Эрдэнэболд, ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Ганзориг нар оролцоно. “Хүний эрхийн нээлттэй өдөр” хоёр өдөр үргэжлэх бөгөөд хуульч, өмгөөлөгчтэй уулзах, “Халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх” сэдэвт сургалт, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгнө. Мөн Цагдаагийн газар, Эрүүлжүүлэн баривчлах байр, Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны нөхцөлтэй Хүний Эрхийн Үндэсний Комиссын удирдлагууд танилцана.
Б.Оюун-Эрдэнэ