МҮОНРТ-ийн уран бүтээлчид Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-09-28 13:28:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад  телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний  олон нийтийн телевиз байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярыг тохиолдуулан уран бүтээлийн өндөр амжилт гарган, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа.

Нийслэл хотыг бүтээн байгуулж хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргасан учир МОНРТ-ийн ахлах редактор Р.Сэргэлэн, зураглаач Г.Байгалмаа нарыг Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр, тус телевизийн эвлүүлгийн найруулагч  Б.Дөлгөөнтамир, Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны дуу оруулагч, жүжигчин Д.Хишигдэлгэр, Э.Дэлгэрцэцэг, П.Золбоо нарын Нийслэл хотыг хөгжүүлэх үйл хэрэгт гаргасан амжилтыг өндрөөр үнэлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг” мөнгөн шагналаар шагнав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уран бүтээлчдэд баяр хүргээд “Одоогоос хагас зуун жилийн өмнө  Азийн цээжинд  орших талын Монгол Улсын айл бүрийн хойморт  шидэт хайрцаг заларч,  улс орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ боловсрол мэдлэгт  үнэтэй хувь нэмэр оруулсан  уран бүтээлүүд  төрж, Дэлхийг Монголтой, Монголыг дэлхийтэй холбосон  үйл явдал болсон билээ. Энэ ч утгаараа  Монголын Үндэсний олон нийтийн телевизийн баяр бол  Монголын нийт ард түмний баяр юм.  Тиймээс миний бие  хотын даргын хувьд,  жирийн иргэнийхээ хувьд та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг  дэвшүүлж  байна. Та бүхний минь уран бүтээл үргэлж өөдөө байж, цэнхэр дэлгэц маань үргэлж гэрэлтэн асч байхын  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээв.

Ж.Болор
相关新闻