Улсын аваргын хоёр дахь тэмцээнийг Төв аймгийн баг өнгөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-29 11:51:12
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо болсон өсвөр үеийн кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Төв аймгийн өсвөрийн тамирчид өнгөллөө.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан, “Алтан гадас” одонт, Ардын Боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүний ажилтан Н.Аюу агсны нэрэмжит уг тэмцээнд Төв, Булган, Ховд, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн 14 багийн 190 гаруй тамирчид 8-9, 10-11, 12-13, 14-15, 16-17 насны ангилалд 1000, 1200, 1500, 3000, 5000 метрийн зайд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Сэлэнгэ аймагт Биеийн тамир спортын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн хүрээнд зохиогдсон энэхүү өсвөр үеийн кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь Өсвөр насны хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлж, бие бялдрыг чийрэгжүүлж, биеийн тамир спортын төрлийг хөгжүүлж, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэхэд үндсэн зорилгоо чиглүүлдгээрээ онцлогтой юм. Аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг байсан эл тэмцээнийг Н.Аюу агсны гэр бүлээс санаачилан 2016 оноос эхэлж улсын хэмжээний болгон өргөжүүлээд энэ удаа дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа.
Ингээд тэмцээний 8-9 нас эмэгтэй 1000 метрт тэргүүн байрыг Т.Нармадах /Сэлэнгэ аймаг/, 8-9 нас эрэгтэй 1000 метрт тэргүүн байрт Б.Очирням /Төв аймаг/, 10-11 нас эмэгтэй 1200 метрийн тэргүүн байрыг О.Оюумаа /Сэлэнгэ аймаг/, 10-11 нас эрэгтэй 1200 метрийн тэргүүн байрыг Б.Далайцэрэн /Төв аймаг/, 12-13 нас эмэгтэй 1500 метрт  :Э.Хонгорзул, 12-13 нас эрэгтэй 1500 метрт Э.Мягмарсүрэн /Дархан-Уул/, 14-15 нас эмэгтэй 3000 метрт О.Анхил /Төв аймаг/, 14-15 нас эрэгтэй 3000 метрийн тэргүүн байрыг Э.Ариунбат /Төв/, 16-17 нас эмэгтэй 5000 метрт Ш.Энхнаран /ТСБТСД сургууль/, 16-17 нас эрэгтэй 5000 метрт Ц.Цогжаргал /ТСБТСД сургууль/ нар тус тус тэргүүлж алтан медалийн эзэд боллоо. Багийн дүнгээр н.Очирдарь дасгалжуулагчтай Төв аймаг тэргүүлж, удаах байруудад Ч.Мөнхбаатар дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг, Х.Батбилэг дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид шалгарлаа.
Тус тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр Монголын хөнгөн атлетикийн холбооны дээд шагнал "Хөгжлийн төлөө " медалиар аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Баттулга ,спортын мастер Б.Байгаль нарыг шагнав. Н.Аюу агсны гэр бүл 1000м, 1200м, 1500м, 3000м, 5000 метрийн зайд уралдсан 4, 5 -р байрын тамирчдыг шагнаж урамшууллаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻