Дизайн, технологийн багш нар бүтээлээ танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-27 14:58:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас өнөөдөр Өлгий хотын төв талбайд сургуулийн технологи, дизайны багш нарын бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа.

Уг үзэсгэлэнд аймгийн төвийн болон хөдөө сумдын 65 багш оролцож, уран зураг, хатгамал зэрэг  300 гаруй бүтээл тавьжээ. Анх удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээний зорилгын  талаар аймгийн БСУГ-ын мэргэжилтэн З.Нургүлээс тодруулахад: "Сургуулиудын дүрслэх урлаг, технологийн багш нар ихэнхдээ анхаарлын гадуур үлддэг нь нууц биш. Тийм учраас тэдний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцуулах, бүтээлүүдийг нь олон нийтэд сурталчлан таниулах, борлуулах зорилгоор энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулсан. Иргэд маш халуун дотноор хүлээн авч, бүтээлүүдийг нь ирж сонирхон худалдан авч байна. Манай байгууллагын зүгээс цаашид уг арга хэмжээг өргөн хүрээгээр уламжлал болгон зохион байгуулахыг зорьж байна" хэмээн тайлбарлалаа.

Албаны хүний өгсөн мэдээллээр сүүлийн үед сургуулиудын дизайн, технологийн багш нарын ур чадвар харьцангуй сайжирч байгаа аж. Жишээлбэл, Дэлүүн сумын бүрэн дунд сургуулийн багш Дөненбайн Солтаншаривын "Шонхор", "Бүргэд" уран зургууд нь өнгөрсөн 4 дүгээр сарын 16-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдсан "Мөрөөдөл ба бодол" олон улсын үзэсгэлэнд тавигдаж байжээ. 

Ө.Нурболат

相关新闻