Жон Х.Нокс: Монголд байгаль орчны доройтлоос үүдэлтэй хүний эрхийн зөрчил түгээмэл байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-27 12:30:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүний эрх, байгаль орчны асуудал хариуцсан Тусгай Илтгэгч ноён Жон Х.Нокс Монгол Улсын хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж буй ажлуудадтай танилцаж, зөвлөмж боловсруулснаа өнөөдөр танилцуулав.

Тэрбээр НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн томилолтоор энэ сарын 19-нөөс Монгол Улсад ажиллаж буй юм. Монгол Улсад байгаль орчны доройтлоос шалтгаалсан хүний эрхийн зөрчил түгээмэл байгаа аж. Үүний нэг илрэл нь Улаанбаатар хотын агаарын бохирдол хэмээн тэрбээр дүгнэлтэдээ дурьдсан байна. Улаанбаатар хотын агаарын бохирдолд цахилгаан станц болон автомашинаас ялгарч буй утаа тодорхой нөлөө үзүүлж байгаа ч дийлэнх хэсэг нь гэр хорооллоос үүдэлтэй байгаа юм. Агаарын бохирдлоос үүдэн иргэд хорт хавдраас гадна зүрх судасны өвчин тусах зэргээр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэн жил бүр 5 хүртэлх насны 400 хүүхэд энддэг гэсэн тооцооллыг НҮБ-ийн Хүүхдийн сангаас 2016 онд гаргасан хэмээн хэмээн ноён Жон Х.Нокс онцлов.

Тэрбээр, “Мөн гол усны бохирдол улам бүр нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа нийслэлийн иргэдийн гол хэрэглээ болох Туул голын бохирдол. Туул гол орчимд үнс болон бусад хог хаягдал ихээр хуримтлагдсаныг би өөрийн нүдээр харлаа. Монгол Улс нүүдэлчин соёлоороо дэлхийд алдартай. Нүүдлийн соёл бол байгаль орчноос ихээхэн хамааралтай. Гэвч дэлхийн дулаарлаас шалтгаалж Монгол орны уур амьсгал огцом өөрчлөгдөж, ган  болон зудын давтамж нэмэгдсэн. Үүний хажуугаар уул уурхайгаас үүдэлтэйгээр бэлчээр хомсдож байна. Бэлчээргүй болсон иргэд Улаанбаатар хот руу нүүж, агаар болон хөрсний бохирдлыг улам даамжруулж байгаа юм. Тиймээс байгалийн нөөцөө хэрхэн ашиглаж, эдийн засгийн байдлаа сайжруулах вэ гэдэг чухал асуудал болоод байна.

Уул уурхай эдийн засагт чухал ач холбогдолтой хэдий ч байгаль орчинд ихээхэн хор хөнөөлтэй байдаг. Тийм учраас Засгийн газар ашигт малтмалын лиценз олгохдоо байгаль орчин болон хүний эрхийг хангах асуудалд нарийвчлан үнэлгээ хийх хэрэгтэй. Үүний тулд орон нутгийн иргэдтэй зөвлөлдөж байх нь чухал. Энэ бүхнийг зөв хийсэн тохиолдолд уул уурхай тухайн улс оронд үр өгөөжөө өгөх болно. Монголд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой багц хууль бий. Тиймээс эдгээр хуулиа хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр орон нутгийн засаг захиргаанд ажиллаж буй алба хаагчид уул уурхайн үйл ажиллагаанд хаалт тавих боломжоо хууль бус төлбөр авах аргаар солих буюу авилгалд өртөх магадлалтай байна. Мөн орон нутгийн иргэд уул уурхайг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлдэг ч Засгийн газрын өмнө хүчин мөхөсддөг. Үүнийг Заамар сумын жишээ илэрхийлж байна. Олон жилийн өмнө хэрэгжүүлсэн “Алт 1” хөтөлбөрийн хүрээнд тус суманд маш их уул уурхайн лиценз олгосон. Гэтэл саяхан баталсан “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд тус суманд мөн л уурхайн лиценз  олгохоор болсон байна. Энэ нь тус сумын бэлчээрийг устгаж, байгаль орчинд ихээхэн хохирол учруулж болзошгүй юм. Тиймээс “Алт 1” төслийн үр дүнд нарийвчилсан үнэлгээ хийж, “Алт 2” төслийг хэрэгжүүлэх эсэхээ шийдэх хэрэгтэй” гэлээ.

Дээрх асуудлуудаас үүдэн уул уурхай, ашигт малтмалын тухай аливаа хууль батлахдаа иргэний нийгмийн төлөөллийн оролцоог хангах, батлагдсан хууль, тогтоомжоо хэрэгжүүлэхэд анхаарахыг зөвлөв. Түүнчлэн Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох эрхээ хамгаалуулах Аархусын конвенцид нэгдэхийг мөн зөвлөсөн байна. Энэхүү конвецийн хэд хэдэн чухал заалт Монгол Улсын хууль, тогтоомжид орсон боловч хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Тиймээс конвенцид нэгдэн орж, үүргээ биелүүлэх нь чухал хэмээн үзэж байгаа аж. Мөн тэрбээр ХЭҮК-оос боловсруулсан “Хүний эрхийн хамгаалагчдын тухай хуулийн төсөл”-ийг нэн яаралтай батлах шаардлагатай байгааг хэллээ. Дэлхий нийтэд долоо хоногт дунджаар байгаль орчны дөрвөн хамгаалагч амиа алддаг гэсэн судалгаа бий. Монголын Цоохор ирвэс хамгаалах сантай хамтран ажиллаж байсан байгаль хамгаалагч агсан Т.Лхагвасүмбэрэл амиа алдсан нь тод жишээ юм. Засгийн газар энэ хэргийн мөрдөн байцаалтыг дахин явуулж, буруутай этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Хүний амь нас, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд хариуцлага хүлээхгүйгээр үлдэх ёсгүй гэдгийг зөвлөмждөө тусгажээ.

Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэх нь Монгол Улсын Засгийн газрын шийдэх асуудал боловч иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалахын тулд тодорхой алхам хийх хэрэгтэй хэмээв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻